Начин шонхор

 

Начин шонхор Falco tinnunculus (Карл Линней, 1758) нь Шонхортон багийн Шонхорынхон овгийн махчин шувуу юм. Энэхүү шувуу нь өргөн газар нутагт тархан амьдарна. Тэд Европ, Ази, Африк, мөн зарим үед Хойд Америкийн зүүн эрэг зэрэгт таардаг.

 

Начин шонхор нь толгойноос сүүл хүртэл 32–39 см, далавчаа дэлгэхэд 65-82 см байна. Эмэгчин нь биеэр том, нас бие гүйцсэн эрэгчин 136-252 гр, дундажаар 155 гр бол; нас бие гүйцсэн эмэгчин 154-314 гр, дундажаар 184 гр жинтэй.

 

Тэд бусад шонхорын адил урт далавч, сүүлтэй. Өд сөд нь цайвардуу хүрэн бор өнгө голлож, нуруун хэсгээр хар толбуудтай. Өвөр хэсэг нь бор шаргал бөгөөд богино хардуу судлуудтай юм. Далавчны үзүүрийн өдүүд нь харавтар байна. Мөн эрэгчин шонхор нь толбо, судал цөөнтэй байх бөгөөд толгойн орой, ар болон сүүл нь цэнхэр саарал юм. Эмэгчин шонхорын сүүл нь бор бөгөөд хар хөндлөн судалтай. Хөлийн сарвуу, нүдийг тойрсон хэсэг нь тод шар бол нүдний цөцгий, хошуу, хумс нь хар бараан. Залуу шувууд нь эмэгчинтэй төстэй.

 

Ангаахай байхдаа цагаан өд сөдөөр бүрхэгдсэн байдаг бол өсөж бойжихын хирээр гуужин, бор шаргалдуу өдөөр солигдох ажээ.

 

Начин шонхор ан хийхдээ 10–20 м өндөрт элин халиж байгаад олзоо олж хармагц шунган барьж авдаг. Начин шонхор ихэвчлэн хулганы хэмжээт хөхтөн: ялангуяа оготно, хулгана, зурам зарим үед сохор номин авладаг. Далай тэнгисийн эрэг болон арлуудад (хөхтөн амьтан ховор үед), жижиг шувуу; голдуу боршувуу зэрэг иднэ. Бусад идэш тэжээл гэвэл сарьсан багваахай, мэлхий, гүрвэл гэх мэт. Мөн улирлын чанартайгаар томхон шавьж, тэмээн аалз, чийгийн улаан, цох зэргээр хооллодог байна. 

 

F. tinnunculus өдөрт 4-8 оготно идэх аж. Барьсан олзоо дараа идэхээр нөөцлөх байдал ажиглагдсан.

 

Тэд хавар үржилд орно. Евразийн сэрүүн бүсэд 4, 5-р сард бол заримдаа Африкийн өмнөд хэсэг болон халуун дулаан бүсийн шувууд нь 8-12 сард үржлийн улирал болно. Начин шонхор хад цохион, мод, байшин барилгын нүхэнд үүр засах ба хэрээний хуучин үүрийг хэрэглэх нь олонтаа. Начин шонхор бор шаргалдуу өнгийн бор цоохор 3-6 өндөг гаргана. Өндөгийг эмэгчин нь 28-31 хоног дардаг. Эрэгчин нь хоол тэжээл зөөн авчрах бөгөөд өндөгнөөс ангаахай гарсны дараа эцэг эх хоёул анд гарна.

 

Тэд ангаахайг 4-5 долоо хоног ангаахайн өд сөд ургатал тэжээдэг. Үүний дараа гэр бүл 1 сар орчим хамт байж, энэ хугацаанд хэрхэн ан хийх талаар зааж сургадаг байна. Дараагийн үржлийн улирал гэхэд залуу шонхор нас бие гүйцэх ажээ.

 

Начин шонхорын хэд хэдэн дэд зүйл мэдэгдээд буй юм. Үүнд:

 

  • Falco tinnunculus tinnunculus Линней, 1758 Европ, Хойд Африк, Азийн сэрүүн бүсэд, Гималайн нуруунаас Агнуурын тэнгисийн бүс хүртэл. Хойд Азийн шувууд нь нүүдэллэж өмнө зүгт өвөлжинө.
  • Falco (tinnunculus) rupicolus Daudin, 1800 – Хадны шонхор Анголын баруун хойд, Зайраас Танзани, Өмнөд Африк хүртэл.
  • Falco tinnunculus rufescens Swainson, 1837 Этиоп, Конго мөрний сав газар, Танзани болон Ангола.
  • Falco tinnunculus interstictus McClelland, 1840 Зүүн Ази, Төвдөөс Солонгос , Япон, Энэтхэг, Хятад-д үржинэ. Энэтхэгээс Филиппин орчимд өвөлждөг. Гималайн нуруу орчмын шувууд нь суурин.
  • Falco tinnunculus rupicolaeformis (C. L. Brehm, 1855) Арабын хойг
  • Falco tinnunculus neglectus Schlegel, 1873 Cape Verde Islands.
  • Falco tinnunculus canariensis (Koenig, 1890) Мадейра болон баруун Канарын арлууд.
  • Falco tinnunculus dacotiae Hartert, 1913 – Local name: sarnicolo Зүүн Канарын арлууд.
  • Falco tinnunculus objurgatus (Baker, 1929) Энэтхэг; Шри Ланк.
  • Falco tinnunculus archerii (Hartert & Neumann, 1932) Сомали, Кени
  • Falco tinnunculus alexandri Bourne, 1955

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

 

 

Начин шонхор
Эрэгчин Начин шонхор
Эмэгчин Начин шонхор