Н
Намнансүрэн Төгс-Очирын
Намнансүрэн Төгс-Очирын

 

Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн (1878 - 1919 оны 4 сар) нь Монгол улсын анхны ерөнхий сайд байв. Халхын сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нь одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 1878 онд мэндэлжээ. 1884 онд тэрээр бэйс Чимэддорждоной, түшмэд Шийлэг нартай багш шавийн барилдлагатай байжээ.

 

Намнансүрэнгийн эцэг Догшин цоохор ноён Төгс-Очир 1896 оноос Сайн ноён хан болсон бөгөөд түүнийг нас барахад Т.Намнансүрэн угсаа залган авч 23 жил суужээ. 1900 оны орчим Т.Намнансүрэн өөрөөсөө 7 дүү Магсаржавыг хатан болгон авч, Батсүх гэдэг хүүтэй болжээ.

 

1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Хаант Орос улсаас тусламж гуйх бичигт гарын үсгээ зурсан бөгөөд тусгаар тогтносны дараа засгийн газар бүрдүүлэхэд шадар сайдаар томилогдсон байна. 1912 оны 7 сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогджээ. Тэрээр 1919 оны 4 сард насан өөд болтолоо Монгол улсын Ерөнхий сайдаар 7 жил ажиллажээ.

 

1914 онд 2 сард Европын парламентын жишгээр Улсын дээд, доод хоёр хурлыг байгуулахад Намнансүрэн дээд хурлынх нь дарга болсон байна. 1914 оны Хиагтын гэрээнд Монгол улс тусгаар тогтнолоо алдаж автономит улс болсны дараа үйл ажиллагааны цар хүрээ багасч, гол нь гадаад улс төрийн үйл ажиллагаа бараг зогссон хэдий ч Дундад Иргэн Улсын Засгийн газраас Автономит Монголын эрх хэмжээ, байр суурийг улам хумих гэсэн аливаа алхамд саад хориг тавихыг чадахын хирээр оролдож байв.

 

1915-1919 онуудад Цэргийн яамны сайдын албыг хавсран хашжээ. Орос улсаас буу зэвсэг худалдан авч урд хилээ хамгаалж, Хятадын цэрэг цөмрөх орох болсноор Орост цэргээ бэлтгэх гэрээг байгуулсан 1918 онд Хамтран зүтгэгч хошой Чин ван Ханддорж (гадаад яам, 1871-1915), Да лам Цэрэнчимэд (дотоод яам, 1869-1914), Түшээт ван Чагдаржав (сангийн яам, 1880-1922), Эрдэнэ ван Намсрай (??-1920) нарын зэрэг сайдууд хятадад хорлогдон харамсалтайгаар нас барж Шанзуб Бадамдоржийн нөлөө ихэсч Сайн ноён ханы үйл ажиллагааг боогдуулж эхэлсэн байна. Шанзуб Бадамдорж 1912 онд Шашин, төрийн сайд байснаа, 1915 онд Дотоод хэргийн сайд, 1919 онд Намнансүрэнгийн дараа ерөнхий сайдын эрхийг түр барьжээ.

 

1918 оны 8 сард Хятадын цэрэг Нийслэл хүрээнд орж, 1919 оны сүүлээр Нийслэл хүрээг эзлэсэн байна. 1919 оны 4 сард Сайн ноён хан Намнансүрэн хорлогдон 41 насандаа нас баржээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол Улсын Ерөнхий Сайд

Намнансүрэн Төгс-Очирын
Монгол улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн
Сайн ноён хан Т.Намнансүрэн гэр бүлийн хамт