Н
Намгийн Сургар

 

Намгийн сургар. Ledum palustris L нь. Далийн (Ericaceae) овогт багтана. Нэг метр хүртэл өндөр ургадаг, маш хурц үнэртэй мөнх ногоон сөөглөг ургамал. Сургар нь олон дагавар нахиа найлзуур бүхий модожсон, хэвтээ байрлалтай иштэй. Залуу нахиа нь цэл ногоон өнгөтэй байх бөгөөд жилийн турш зэсэн улаан өнгийн үсэрхэг бүрхүүлээр үелэн хучигдсан байдаг. Цагаан өнгийн жижиг цэцгүүд ишний үзүүрт нийлэн сагс багцаг үүсгэдэг. 8 сарын эхээр цэцэглэнэ. Олон үрт, булчирхайлаг хонхорцог хэлбэрийн 3-8 мм урт, таван буурцаг болон салдаг үр жимстэй.

 

Манай орны ойн бүсэд холимог, шилмүүст болон нарсан ойн гүнд ялзмаг ихтэй хар шороон хөрсөнд элбэг ургадаг.

 

Намгийн Сургарын өвс - Herba Ledi palustris-ийг үр жимс боловсрох үед буюу 8 сарын эхэнд салаа, мөчир нахианы хамт түүж бэлтгэдэг.  Сургарын өвс нь арьслаг зузаан, уртавтар шугаман хэлбэртэй, бүтэн захтай 1-5 см урт бөгөөд дээд тал нь хар ногоон буюу саарал ногоон өнгөтэй, доод тал нь өтгөн зэвэн өнгөт үслэгээр битүү хучигдсан богино бариул бүхий навчистай, цэцэглэсэн байдаг.

 

Хурц, оргиулам муухай үнэртэй байдаг. Сургар хортой ургамал тул амны хаалт, бээлий, хайч хэрэглэн болгоомжтой бэлтгэх хэрэгтэй. Сургарын өвснөөс шингэн ханд бэлтгэн бусад ургамлын хамт архаг гуурсан хоолойн үрэвсэл, хөхүүл ханиалга, хэрлэг өвчний үед эмчийн заавраар хэрэглэнэ. Түүнчлэн Сургарыг шавьж, мэрэгчдийг устгах зорилгоор хэрэглэж болдог байна. Сургарын эфирийн тосны найрлага дахь ледол ба палюстролыг селенээр дегидрогенжүүлэх урвалаар гвайазулен гарган авахад хэрэглэдэг.

 

Сургарын үндэснээс бусад бүх эрхтэнд нь эфирийн тос агуулагдах бөгөөд навчинд нь 1,5-7% байна. Сургарын эфирийн тос нь ногоон өнгөтэй, хурц үнэртэй, өтгөн зууралдамхай байх бөгөөд түүнийг хүйтэн орчинд байлгавал стейроптен үүсдэг. Эфирийн тосны 50-60% нь сесквитерпений спиртүүд, 20-25% задгай хэлхээт терпен, гераны төрлийн геранид ацетат зэрэг бодис эзэлдэг. Үндсэн үйлчлэгч бодис нь 5 ба 7 цагирагт азулений бицикл агуулсан 3 цагирагт ледол ба палюстрол юм. Навчинд нь эфирийн тосноос гадна арбутин, аргаах бодис, флавонойдын төрлийн бодис мөн агуулагдана.

Намгийн Сургар
Намгийн Сургар