Лимбэ (2)

 

Монгол үндэстний хөгжмийн зэмсэг

 

Цуур (Tsuur), Цоор (Tsoor) нь Монгол туургатны бүх цаг үед хэрэглэж ирсэн хөгжмийн зэмсгүүдийн дотроос хамгийн эртнийд тоогцогдох үлээвэр хөгжмийн зэмсэг бөгөөд  хүүхэд, багачууд хонь хурга хариулж байхдаа уйтгараа сэргээхийн тулд хулс, зэгсээр Цуур, цоор үйлдэн үлээж улмаар түүнийгээ элдэв янзаар хэрчин нүхэлж үлээдэх болсон нь явсаар лимбэ, бишгүүр болон хөгжижээ. Бишгүүр нь галбингаа шувууны дууг дууриан дугаргах зэмсэг болсон хэмээх домог байдаг 

 

Лимбэ буюу Хөндлөн бишгүүр нь Монгол туургатны төдийгүй нийт хүмүүн төрөлхтний эртний үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Лимбэ нь Түвд гаралтай үг бөгөөд Түвдээр: Глинг бү (Gling bu) хэмээдэг байна. Лимбийг хонь хургачин хүүхдүүд хөдөө хээр хаа сайгүй тохиолддог, тарвага зурамны нүх бүхий товгор газар ургадаг гишүүний (цооргоно) хатсан голд нүх гарган үйлдэж үлээн тоглодог байснаас лимбэ үүссэн гэдэг. Гажидын Бадрах агсан Монголын хөгжмийн түүх номондоо хэд хэдэн бишгүүрийн тухай дурьдсаны дотор хөндлөн бишгүүр гэсэн хэсэгт, энэхүү хөгжмийн зэмсгийг хулсаар үйлдэнэ. Урт нь нэг тохой найман ямх, зүүн тал дор нэг нүх нь үлээх нүх байна. Дараах нэг нүхэн дор хулсны хальс наах нүх болно. Баруун гар тал дор зургаан нүх буй нь эгшиг ялгаруулах болой. Энэхүү хөгжмийн зэмсгийг Лимбэ хэмээмой гэжээ,

 

 

Лимбийг гол төлөв хулсаар үйлддэг байсан бол хожим төмөр, өнөө цагт хуванцараар үйлдэх болжээ. Хосгүй үнэт үзмэрийн төрөлд тооцогдох Говийн ноён хутагт Данзанравжаагийн хэрэглэж байсан хаш лимбэ Өмнөговь аймгийн орон нутгийн музейд хадгалагдаж байна.  Лимбэний толгой талд богино залгаа хийж, хөгийг нь тааруулах хийгээд лимбийг урт богино хэдэн янзаар үйлдэж, дээд нүхний хажуу талд беммоль-диезны тэмдэг тавьж, тоглогч тухайлсан нэг хөгжмөөр тоглож, зохиолын хөг солигдоход ашигладаг байна. Лимбэ нь их, дунд, бага гарын гэх гурван янз байх бөгөөд Их гарын лимбэ нь 1-р наймцын ми-бемолиос 2-р наймцын сибемоль хүртэл,  Дунд гарын лимбэ 1-р наймцын сибемолиос 3-р наймцын сибемоль хүртэл, Бага гарын лимбэ нь 1-р наймцын фа-гаас 3-р наймцын фа хүртэл цар хүрээтэй дуугарах ажээ.

 

Лимбэний дууны өнгө аялгуу нь доод чалхандаа ялдам зөөлөн, дүүрэн уянгалаг, дээд чалхандаа шингэн исгэрэн уянгалах нь шувуудын жиргээг санагдуулам хийгээд уран гоё нугалаа дүрслэлийг илэрхийлдэг. Гоцлол, цөөхүүл, найрал хөгжмийн алинд ч дээд хоолойн үүргийг гүйцэтгэнэ. Ялангуяа уртын дуутай найрсан эгшиглэх нь гойд бөгөөд, нарийн дээд хоолойд нөхөн дуурсах нь олонтой байдаг. Энэ чанараараа тоглогчоос битүү амьсгаагаар тоглохыг ур дүйг шаардаг.

 

Битүү амьсгаа нь Монгол лимбэчид уртын дуу хөгжимдөхөд хэрэглэдэг амьсгаа буюу амьсгаа авж таслахгүйгээр тасрарлтгүй үлээх арга техник  юм. Монгол лимбэчид битүү амьсгаагаар хөгжимдөхдөө хацрын хөдөлгөөн оролцуулдаггүй бөгөөд хэлний уран хөдөлгөөнөөр амьсгаануудыг хооронд нь холбож чаддаг. Өөрөөр хэлбэл нэгэнт авсан амьсгаагаар үлээх зуур амны хөндийд байгаа хийг хэлээр шахан даралт үүсгэж түүгээрээ эгшгээ үргэлжлүүлэн дуугаргах явцад хамраар амьсгаа авна. Чухам яг энэ агшинд амны хөндийд буй эгшиг дуугаргаж байгаа хийн даралтын хэмжээг зохих түвшинд хадгалах замаар хамраар авсан амьсгаатайгаа холбодог. Энэ нь огт тасалдалгүй үйлдэл болох бөгөөд хөгжимчнөөс өндөр ур чадвар шаарддаг.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Хөндлөн буюу лимбэн бишгүүр

Лимбэ (2)
Лимбэ
Лимбэч
Монгол Улсын гавьяат жүжигчин “Тогдгор” хэмээх Д.Галсантогтох