Л
Леонардо да Винчи
Леонардо да Винчи

 

Леонардо ди сэр Пиэро да Винчи (Италиар: Leonardo di ser Piero da Vinci, 1452 оны 4 сарын 15-1519 оны 5 сарын 2) Италийн эрдэмтэн, нэрт зохион бүтээгч, инженер, математикч, зураач, анатомич, буран барималч, архитектор, хөгжимчин, зохиолч, яруу найрагч. 

Намтар

Леонардо да Винчи нь Италийн Флоренц хотын ойролцоох Винчи хэмээх тосгонд хуульч Пиерогийн гэр бүлд 1452 онд мэндэлжээ. Тэрээр төрөлхийн солгой бөгөөд бага наснаасаа ажил хийж 15 нас хүрэх үедээ л уншиж, бичиж, арифметикийн энгийн үйлдэл хийж сурчээ. Түүнийг 15 настайд нь аав нь Андрей Верокиогийн туслах болгосон нь Леонардод амьдралд нь эргэлт хийсэн алхам болжээ. Леонардо эндээс маш ихийг сурчээ. Ганц зураг зурах эрдэмд бус янз бүрийн хөдөлгүүр, механик техникийн талаар ч мэдлэгтэй болсон нь. хожим түүний хийх нээлтүүдийн суурь энд тавигдсан гэхэд болно. Тэрээр Андрей Верокиогийн хөрш амьд биеийг судлаач Полаяла Анатолид  мөн тусалдаг байсан бөгөөд тэр үед төдий л хөгжөөгүй байсан анатомийн шинжлэх ухаан Леонардогийн сонирхлыг гойд татах болж анатомийн холбогдолтой олон тооны судалгааны зураг зурах болов.  Леонардогийн зургийн их авъяас нь тодорч Флоренцийн зураачдын нийгэмлэгт элссэн хэдий ч Верокиогийн дэргэд дахин 5 жил ажиллажээ.

Леонардо нарийн мэдрэмжтэй, зургийн сайн багш болж болох байсан боловч зургийн багштайгаа хамт зургаа зурсаар, багшдаа тусалсаар байв. Тэр багшийнхаа зурж дуусаагүй зургийг үргэлжлүүлэн зурж өндөр үнэлэлт авах нь элбэг байжээ. Тэрээр Милан хотын захирагчийн удирдлагад ажиллах болсноор зөвхөн дүрслэх урлагт бус шинжлэх, ухаан боловсролын салбарт анхаарлаа хандуулан ажиллах болов. Тэрээр юмс үзэгдлийг ажиглаж, бодож тунгаан зурж, тэмдэглэдэг байв. Ном их уншиж, төгсгөлд нь өөрийн санал бодлоо бичиж тэмдэглэдэг байсан нь түүнийг хөгжихөд түлхэц болжээ. Тэрээр хэдэн мянган дэвтэр тэмдэлэл хөтөлсөн хэдий ч зөвхөн 31 дэвтэр л өнөөдрийг хүртэл  хадгалагдаж үлджээ. Түүний зурж тэмдэглэсэн дэвтрүүд нь олон орны музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Тэр бусдаас огт өөрөөр буюу толин тусгалд зөв харагдхаар бичиж тэмдэглэдэг байсан. Түүний дэвтрүүдэд зургийг бичгээр, бичгийг зургаар гүйцэлдүүлж тайлбарласан байх бөгөөд дийлэнхийг нь зураг тэр тусмаа бүтэц, зүй тогтол, техникийн шийдэл, хөдөлгөөнийг илтгэсэн зураг эзэлдэг байжээ. Тиймээс түүнийг шинжлэх ухааны тайлбар зургийн "эцэг" хэмээдэг юм.

1500--гаад оны үед Францчууд Миланыг эзлэн түрэмгийлэх үед Леонардо Флоренц руу буцжээ. Тэрээр аялан явах дуртай байсан бөгөөд явсан газрынхаа зургийг тоймлон зурж тэмдэглэн авдаг байв. Тэр алдарт "МоноЛиза"-гаа энэ үед л бүтээсэн гэдэг.

Леонардо эрдэм шинжилгээний ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж, Санта Мария Нуво эмнэлэгт хүний биеийн судалгаа хийж байсан. Нисэх нь хүн төрөлхтний нэн эртний агуу том хүсэл мөрөөдлийн нэг. Леонардо ч үүнийг хүсч байв. Тэрээр шувууд хэрхэн нисдгийг судалж  хүн болон шувууны бие харьцуулан судалж, хэвтээ болон босоо чиглэлд нисэх төхөөрөмжүүдийн зураг төсөл гаргаж байсан.

Түүний олон сайхан уран бүтээл цаг хугацааны эрхээр үрэгдэж, бас тэрээр  олон бүтээлээ дуусгаж чадаагүй юм. Түүнийх гэгддэх 17 уран зураг байдаг хэдий ч "Ангхиарын дайн" , "Леда" зэрэг зургуудынх нь зөвхөн хуулбар нь олджээ. Гэсэн ч эдгээр зургууд нь түүний ямар их авъяастайг батлахад хангалттай. Тэрээр уран зургаа улам амьд, улам сайн болгохын тулд л анатоми, физик, химийн салбарыг нарийвчлан судалдаг байжээ.

Леонардо нэрт уран барималч байсан хэдий ч түүний уран баримлын бүтээл нь өвлөгдөж ирсээгүй нь харамсалтай. Ердөө хоёр бүтээлийнх нь тойм зураг олджээ.

Гэхдээ бас эндээс түүний хэр зэрэг барималч болохыг мэдэх бололцоотой. Төсөлд байгаа морьдын зураг хэмжээ, биеийн булчин шөрмөсийг хэрхэн үзүүлснээс бүхнийг мэдэж болно. Леонардо энэ аварга бүтээлээ нэг дор цутгахаар төлөвлөж байжээ. Энэ нь түүний амьдарч байсан эрин үед боломжгүй байсан боловч тэрээр боломжтой гэдгийг мэдэрч ухаарч, тооцоолж, алсыг харсан зоригтой байсны баталгаа болно.

1490-ээд оны үед Миланд механикийн салбарт хийсэн нээлтүүдийнхээ тухай өгүүлсэн ном гаргаж түүндээ. өнөөгийн бидний хэрэглэдэг шүхэр,нисдэг тэрэг, танк, оёдлын машины зураг төсөлийг дэлгэн харуулсан нь тэрээр амьдарч байсан цаг үеэсээ дэндүү хол ирээдүйг харж байсныг гэрчилдэг юм. Тэрээр машины механизмын ажиллах зарчмыг хүний биеийн хөдөлгөөнтэй харьцуулж байгалийн хамгийн дэвшилттэй төгс машин нь хүн гэдгийг баталж, хөдөлгөөнийг үүсгэгч нь  хүч гэдгийг тодорхойлжээ.

1519 онд агуу их сэтгэгч Леонардо да Винчи таалал төгсснөөр. түүний олон  туршилтууд дуусалгүй үлджээ. Леонардогийн үнэнч туслах, дотны шавь Францеско Мелзи түүний ажил үйлсийг үргэлжлүүлсэн гэдэг. Түүнийг оршуулсан бунхан нураад шарилыг олох боломжгүй болсон хэдий ч түүний суут бүтээлүүд нь хүн нэг насандаа ямар их юм бүтээж болдгийн үлгэр дуурайл болсоор байна. Леонардо шинжлэх ухаанд түүний дотор соёл урлаг, механик техник, анагаар ухааны салбарт олон шинэ нээлт хийж түүхэнд мөнхөрчээ.

 

Он цагийн хэлхээ

1452 оны 5 сарын 14 өдөр:                  Леонардо да Винчи мэндлэв.
1464 – 1466 он:                                      Верроккийн урланд шавь орж уран зураг, анатоми, шинжлэх ухааныг судлах болов.

1483 он:                                                 Милан. Франческо Сфорцын морьтой барималыг бүтээлцэв.

1496 он:                                                 Милан. "Нууц үдэш".бүтээлээ туурвижээ

1500 - 1503 он:                                       Алдарт "Мона лиза" буюу "Джокондо" г туурвив

1509 – 1511 он:                                      Пави.  Маркантонио де ля Торетгийн дэргэд анатоми судлав.

1513 он:                                                Ром. Анатомийн чиглэлээр судалгаа хийв.

1519 оны 5 сарын 2 өдөр:                   Франц. Амбуазын ойролцоо Клуд Леонардо да Винчи нас эцэслэв.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Леонардо да Винчигийн анатомийн зургууд

 

2. Леонардо да Винчигийн зохион бүтээлтүүд

 

3. Леонардо да Винчигийн уран зураг

Леонардо да Винчи
Леонардо да Винчи Өөрийн хөрөг
Леонардо да Винчи. Жоконда буюу Мона Лизагийн хөрөг. (1503-1505 он)
Леонардо да Винчи