Картер, Говард

 

Говард Картер Англиар: Howard Carter. (1874 оны 5 сарын 9 - 1939 оны 3 сарын 2 өдөр) нь зураач Самуил Картерийн 8 хүүхдийн отгон нь ажээ. Түүний бага нас Норфолкийн гүнгийн эзэмшил нутаг Суоффемед өнгөрчээ. Хүүхэд ахуйдаа аавынхаа нөлөөгөөр зураг зурах болсноор урлаг, түүх соёлыг сонирхох эхлэлийг нь тавьжээ. Говард Картер 1891 онд Британийн археологийн судалгааны байгууллагад элсэн орж Египетийн археологийн олдворуудыг сонирхох болсноор 1899 онд хүслээ гүйцэлдүүлж Египетийг судлах археологийн судалгааны багт багтан Эртний Египетийн дурсгалуудыг зурж, тэмдэглэл хөтлөх ажлыг хийж судалгаа, шинжилгээнийхээ ажлыг эхэлжээ. Картер тухайн үеийн нэртэй археологич Уильям Флиндрс Питрийн удирдлаганд Дундад хаанчлалын үеийн Бени-Хассаны малтлаганд оролцжээ.

Тэрээр Фивийн баруун этгээдэд орших Дейр-эль-Бахрийн хатат бунханы малтлагаас (1893-1899) нэрд гарч улмаар 1899 онд эртний Египет судлалын салбарын ерөнхий байцаагч түшмэл болжээ. Картер амеркийн археологич Теодор Дэвисийн 1902-1914 онд явуулсан малтлагад хяналт тавьж амжилттай ажилласан тул Египетийн засгийн газраас Хаадын хөндийд археологийн судалгаа явуулах зөвшөөрлийг түүнд олгосон байна. Дэвис болон Картер нар Шинэ хаанчлалын үеийн хаадуудын шарил бунхнуудыг илрүүлжээ. Тухайлбал: Хатан хаан Хатшепсут, Тутмос IV, Хоремхеба, Рамсес Садтаха нарын бунхан, Эхнатон хааны мумми байгаад тоногдсон саркофаг (эрдэнийн хайрцаг, авс) зэрэг үнэт олдвор дурсгалуудыг олжээ.

 

 

1906 онд тэрээр археологийн олдвор цуглуулагч лорд Карнарвонтай (Англиар: George Edward Stanhope Molyneux Herbert, 5th Earl of Carnarvon)  танилцаж цаашлаад дотно хамтрагчид болжээ. Лорд Карнарвон нь түүний археологийн судалгааны ажилд хөрөнгө оруулалт хийж ивээн тэтгэснээр хүн төрөлхтний өв соёлд гайхамшигтай нээлтийг хийх боломжыг Картерт олгосон билээ.  

Тэд 1914 оноос Хаадын хөндий дахь фивийн некрополисд (чимээгүй хот буюу буюу «үхэгсэдийн хот», Грекээр: νεκρος- үхсэн, πολις -хот)   малталтыг эхэлсэн бөгөөд  Аменхотеп I-ийн бунхан XVIII династиин үеийн хэд хэдэн хатдын бунханг олжээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас улбаалан малталтын ажил зогссон хэдий ч Картер Карнарвонд Хаадын  хөндий дахь малталтыг цааш үргэлжүүлэх шаардлагатайг ятгаж чадсан байна. 

 

 

а. Сүнсний хөтөч Анубис бурхан, б. Энхжингийн оронд хааны амар амгаланг сахигч харуулын цэрэг,

в. Тутанхамон фараоны сахиус, г. Хааны суудаг байсан сандал, д.Хааны эдлэж байсан чичлүүр хутга  

 

 

Гэвч яваандаа лорд Карнавоны итгэл алдарч малталтын санхүүжилтийг зогсооход хүрсэн тэр цаг үед Картер Тутанхамоны бунханыг олж түүх археологийн гайхалтай нээлтийг 1923 оны 2 дугаар сарын 16 нд хийсэн билээ. Уг бунхнаас олдсон түүхийн үнэт дурсгалуудын манлай нь  эдүгээ Каирын музейд хадгалагдаж буй Тутанхамон фараоны 11,26 кг цэвэр алт, үнэт эрдэнэсээр чимэглэсэн баг байлаа. 

 

Холбоотой мэдээлэл:.

 

1. Тутанхамон фараон

2. Герберт Жордж Карнарвоны 5 дахь гүн

 

Картер, Говард
Говард Картер. Howard Carter
Картер Тутанхамон фараоны саркофагийг нээж цэвэрлэгээ хийж байгаа нь