К
Карпини, Жованни Плано
Карпини, Жованни Плано

 

Жованни Плано Карпини, Италиар: Giovanni da Pian del Carpine, Латинаар Iohannes de Plano Carpini. (Ойролцоогоор 1182 - 1252 оны 8 сарын 1) Италийн Пап лам Инноценчио IY-гийн зараалаар Монголын эзэн хаанд захидал хүргэхээр Италийн фрацисканы лам 65 настай 1246 онд Жованни да Плано Карпини Европчуудаас анх (Рубрук, Андре де Лонжюмо нараас ч өмнө) Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд ирж, хожим өөрийн эх орондоо очоод өөрийн аялал, аян замын тэмдэглэл болох "Монголчуудын түүх " номоо бичиж, тэр үеийн христос шашинт ертөнцийг гайхан шагшруулжээ. 

 

Тэрээр 1247 оноос 1252 онд Сербийн дээд хамба, Антиварийн хамба байжээ.

 

Түүнийг Пиан дел Карпини хэмээн дууддаг байсан бөгөөд тэрээр Умбриа буюу өнөөгийн Перужиа хотын ойролцоо, Кортона орох замд байдаг Мажионед мэндэлжээ. Карпини нутгийн гэгээн Франческогийн шавь, дотны анд нөхөр нь байв. Жованни нь Францисканы урсгалынханд өндөр нэр хүндтэй нэгэн байж, түүний айлдсан сургаал хойд Европт түгж, Саксоны сүмийн ахлагч, Германы хамба (сайд), Испани, Барбари, Кёльны хамба болж байжээ.

 

Өгөдэй хаанаар удирдуулсан Их Монгол Улсын зүүн Европ дахь байлдан дагуулалт, ялангуяа Христийн ертөнцийг эзлэх нь гэсэн айдаст автуулсан  Легницийн тулалдааны үеэр (1241 оны 4 сарын 9) тэрээр дээр дурьдсан албан тушаалуудыг хашиж байжээ.

 

Дөрвөн жил өнгөрсөн хэдий ч "Татаруудын аюул" европчуудын сэтгэл зүрхнээс арилсангүй. Ромын Пап лам IV Иннокент Христ шүтлэгтэн улс түмнүүд рүү Монголчуудыг довтлуулахгүй байх арга замыг сүвэгчилж, дипломат харилцаа тогтоож улмаар Исламын эсрэг хамтран тэмцэх санал тавихаар Монголчууд руу элчийг илгээхээр шийджээ. 

 

 

IV Иннокент 65 настай Жованниг элч нарын ахлагчаар сонгожээ. Карпини Папаас Монголын эзэнт гүрний Их Хаанд бичсэн "Cum non solum" хэмээх захидлыг авч Папын амьдардаг байсан Лионоос аялалын гараагаа эхэлж, Улаан өндөгний баяраар (1245 оны 4-р сарын 16) өөр нэг элч Бохемийн гэлэн Стивентэй нэгдсэн хэдий ч Стивен Киевийн орчмын Каневт явж байхдаа бие нь муудаж хоцрон үлдсэн аж. Хуучин найз, Бохемийн хаан I Венцеслаустай зөвлөж, Бенедикт Полак хэмээх бага тушаалын ламыг орчуулагч хийлгэхээр Вроцлаваас олж авчээ. Тэд Киевийг өнгөрөөд Каневт Монголчуудын хилийн харуултай дайралдаж, цааш Днепр, Дон, Ижил мөрнийг гаталж, Ижил мөрний хөвөөнд байрлаж байсан Батын орд өргөөнд хүрэлцэн очив.

 

Тэд Бат хаанд хүргэж өгөх бэлгийнхээ хамт, хор байж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас хоёр галын хоорондуур явж, түүнтэй уулзсан гэдэг. Бат хаан тэднийг Монголд буй Их Хааны өргөөнд хүргэж өгөхийг тушааснаар элч нар 1246 оны 4-р сарын 8-нд аяллынхаа хамгийн хүнд хэцүү үеийг эхлэв. Карпинигийн бичсэнээр тэд морин дээр арай ядан тэнцэж, давс, устай хар будаагаар голоо зогоож, цас хайлуулан буцалгаж ууж явжээ. Урал голыг гаталж, Каспийн тэнгис, Арал тэнгисийн хойд биеэр дөтлөн муслимчуудын хотоор дайрч явсаар 7 сарын 22-нд Орхон гол, Хархорумын орчимд байрлаж байсан Шар Ордод хүрч иржээ. Элч нар 3000 милийн зайг 106 өдөрт туулжээ.

 

Тэднийг очиход Өгөдэй хаан нас барж, түүний ууган хөвүүн Гүюг эхийн хамт төр барьж байсан бөгөөд Гүюгийг албан ёсоор их хаанд өргөмжлөх их Хуралдай Шар Ордод Ази, зүүн Европын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 3000-4000 төлөөлөгчтэйгээр хуралдахад элч нар гэрч болон байлцуулж 8-р сарын 24-нд Гүюг хаан албан ёсоор хаан ширээнд заларсан байна.

 

Их хаан Гүюг Христийн шашинд дагаар орох урилгаас татгалзаад, Пап болон Европын удирдагчдыг хүрэлцэн ирж, түүнд үнэнч байхаа тангараглахыг шаардсан аж. Хаан элч нарыг 11-р сар хүртэл явуулалгүй хорьжээ. Эцэст нь Папад зориулж Монгол, Перс, Латин хэлээр бичсэн захидлыг төлөөлөгч нарт гардуулан өгчээ. Их хааны захидлыг хүргэж өгөх өвлийн урт аянаа эхэлж, цасан дээр хоноглож, нүцгэн хөлөөрөө алхаж явсаар 1247 оны 6 сарын 10-нд Киевт хүрчээ. Тэднийг Славын Христийн шашинтнууд үхээд амилсан хүмүүс мэтээр хүлээн авч, сайтар сувилжээ. Тэгээд аяллаа үргэлжлүүлж, Папыг Лионд байхад нь хүрч очиж Монголын Их Хааны захидлыг гардууж өгчээ.

 

Уг аяллаас хойш тун удалгүй Жованни Далмацид байх Антиварийн хамбаар томилогдож 5 жилийн дараа буюу 1252 оны 8-р сарын 1-нд нас нөгчсөн юм.

 

Карпини аяллын үеэр цуглуулсан мэдээллүүдээ HISTORIA MONGALORUM ("МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ"), Liber Tartarorum, Liber Tatarorum (Татаруудын тухай ном) гэсэн нэрээр эмхтгэжээ. Уг тэмдэглэл нь 9 бүлгээс бүрдэх бөгөөд эхний 8 бүлэгт нь Монголчуудын нутаг орон, уур амьсгал, ёс заншил,  шүтлэг, зан авир, түүх, төрийн бодлого, тэдэнтэй хэрхэн харилцах тухай бичсэн бол 9 дүгээр бүлэгт аялалын замд дамжин өнгөрсөн газар, нутгуудын тухай тэмдэглэсэн ажээ.

Карпини, Жованни Плано
Жованни да Плано Карпини
Италиар: Giovanni da Pian del Carpine
Ромын IV Иннокент папад Гүюг хаанаас Перс хэлээр бичсэн захидал. Өдгөө Ватиканы номын санд хадгалагдаж буй