Иран

 

Иран (Перс:ايران Иран), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Иран Улс нь баруун болон өмнөд Азийн орон юм. Уг улсын уриа:  استقلال. آزادی. جمهوری اسلامی

"Тусгаар тогтнол, эрх чөлөө, Исламын бүгд найрамдах улс" Өрнөдөд 1935 оноос өмнө Перс гэгддэг байсан учраас Ираны соёлын тайлбарт Перс гэдэг нэр нь одоо ч хэрэглэгддэг. Иран нь бүхэлдээ 1,648,195 км² нутагтай (дэлхийн 18 дахь том), 78 сая хүнтэй. Далайн өргөн эрэг газартай, Евразийн төв дэх газар зүйн ашигтай байрлалтай гэгдэх орон юм. Хойгуураа Армен, Азербайжан, Туркменистан улсуудтай болон Каспийн тэнгис; зүүн талаараа Афганистан, Пакистан; урдуураа Персийн булан, Оманы булан; баруун талаараа Турк, Ирак улсуудтай тус тус хиллэдэг.

 

Нийслэл болон хамгийн том хот Тегеран нь улсын улс төр, соёл урлаг, худалдаа, аж үйлдвэрийн төв болдог. Иран бол газрын тос, байгалийн хий ихтэй бөгөөд Ойрхи Дорноддоо нөлөөхүйц гүрэн гэгдэнэ. Иранд эртнээс соёл иргэншил дэлгэрч, түүхэнд тэмдэглэгдсэн төрт улс нь м.э.ө 2800 оны Эламаас эхэлдэг. М.э.ө 625 онд анх Мидичүүд нэгтгэж өнөөгийн Иран үндэстний суурь тавьжээ. Тэднийг залгамжилж 1000 гаруй жилийн турш Ахемен, Аршак, Сасан гэсэн Ираны гурван улс дараалан оршиж байгаад Араб болон бусад харь улсуудын харъяанд байсаар 1551 онд Иранчуудын байгуулсан Сефевийн улс тогтож үндэстний хувьд дахин нэгтгэгджээ.

 

Мешхед дахь Резийн мөргөлийн сүм

 

Энэ улс нь Исламын шашны Шийт урсгалыг дэмжиж байснаас энэ номлол нь хүчтэй тархсан юм. Түүнээс хойш эзэн хаант ёс үргэлжилсээр 1906 онд үндсэн хуульт хаант, 1979 оны 4 сарын 1-ээс албан ёсоор Исламын бүгд найрамдах улс болсон. Иран улс нь НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, ИШУБ, ОПЕК гэх байгууллагуудын үүсгэн байгуулцсан гишүүн. 1979 оны Үндсэн Хууль дээр нь тулгуурласан Ираны улс төрийн тогтолцоо нь өвөрмөц, төвөгтэй бүтэц бүхий удирдах албуудаас бүрдэнэ. Төрийн тэргүүн нь Дээд удирдагч. Албан ёсны шашин нь Исламын шашны Шийт урсгал бөгөөд албан ёсны хэл нь Перс хэл.

Иран
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын туг, сүлд
Иран улсын газрын зураг
Перс хивс