З
Зуны VIII Олимпийн наадам
Зуны VIII Олимпийн наадам

 

1924 оны зуны VIII Олимпийн наадамыг зохион байгуулахаар Амстердам, Барселон, Лос-Анджелес, Парис, Праг, Ром хотууд өрсөлдсөн хэдий ч Олон улсын Олимпийн хороо Парисыг хоёрдахь удаагаа зуны Олимпийн наадам зохион явуулах боломжыг олгожээ. Өмнөх Олимпийн нэгэн адилаар Германы багийг Олимпийн наадамд уриагүй байна. Парисын Олимпийн тоглолтыг 625 821  хүн үзсэн бөгөөд 5,5 сая франкын орлого олжээ. Зуны VIII Олимпийн наадам нь Пьер де Кубертены удирдсан сүүлийн олимп болсон бөгөөд энэ Олимпийн тоглолтоос «Citius, Altius, Fortius!» буюу «хурднаас хурдан, өндөрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй!» хэмээсэн Олимпийн уриа буй болжээ. Уг наадмаас эхлэн марафон гүйлтийн зай 42 195 метр болж тогтжээ.

 

Зуны VIII Олимпийн наадам 1924 оны 6 сарын 5-27 нд болж 44 орны 3089 тамирчин спортын 17 төрөлд (Бокс, Чөлөөт бөх, Дугуй, спортын гимнастик, суман завь, Морин спорт, Хөнгөн атлетик, Далбаат завь, Усанд сэлэлт, Поло, Регби, Таван төрөлт, Буудлага, Газрын теннис, Хүнд атлетик, Туялзуур жад, Хөл бөмбөг) 126 медалийн төлөө өрсөлджээ.  

 

Уг Олимпд Австрали, Австри, Аргентин, Бельги, Болгар, Бразил, Их Британи, Унгар, Грек, Гаити, Дани, Египет, Энэтхэг, Ирланд, Испани, Итали, Канад, Серб, Хорват, Словяны вант улс, Куба, Латви, Литва, Люксембург, Мексик, Монако, Нидерланд, Шинэ Зеландия, Норвеги, Польш, Португали, Румын, АНУ, Турк, Уругвай, Филиппин, Финлянд, Франция, Чехословак, Чили, Швед, Швейцари, Эквадор, Эстони, Өмнөд Африк, Япон улсууд оролцсон бөгөөд Ирланд, Литва, Мексик, Польш, Румын, Уругвай, Филиппин, Эквадор улсууд Олимпийн наадамд анхлан оролцжээ.

 

1924 оны 6 сарын 5 өдөр Зуны VIII Олимпийн нээлт болсон бөгөөд Францын ерөнхийлөгч Гастон Думерг нээж уг ёслолд Уэльсын хун тайж Ир Британийн ирээдүйн хаан Эдуард VIII, болон Румыны хунтайж нар оролцжээ.

 

Олимпийн хөнгөн атлетикийн тэмцээнд дэлхийн найм, олимпийн 14 дээд амжилт шинэчлэн тогтоогдож усанд сэлэлтийн төрөлд дэлхийн дөрөв, олимпийн арван нэгэн дээд амжилт шинэчлэгджээ. Финляндийн гүйгч Пааво Нурми зуны VIII олимпийн наадмаас 5 алтан медаль хүртэж түүний нутаг нэгтэн Вилле Ритола,10 000 м, 3000 м, багийн төрөлд алтан медаль хүртжээ. Гурван алт, хоёр мөнгөн медалийг францын туялзуур жадчин Роже Дюкр хүртжээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Кубертен Пьер де

2. Эртний Олимпийн наадам

3. Зевс

4. Зуны Олимпийн наадам

5. Өвлийн Олимпийн наадам

6. Олимпийн медаль

7. Өвлийн Олимпийн медаль

8. Олимпийн эмблем

9. Олимпийн билгэ тэмдэг

10. Олимпийн таних тэмдэг

Зуны VIII Олимпийн наадам
Парисын Зуны VIII Олимпийн наадам
Жон Вайсмюллер
Зуны VIII Олимпд улс орнуудын гаргасан амжилт