З
Зая Бандид Намхайжамц
Зая Бандид Намхайжамц

 

Монгол угсаатан, тэр дундаа Ойрдын ард түмний дундаас төрсөн XVII зууны нэрт хүмүүн, Буддын шашин болон Монгол төрийн зүтгэлтэн, равжамба, зая бандид, дуун хөрвүүлэгч, тод үсгийг зохиогч, соён гэгээрүүлэгч Зая Бандид Намхайжамц (өөрөөр Зая Бандид Огторгуйндалай; Халимагаар Зая Пандит, бүтнээрээ Зая Пандит Оһтрһун Дала; Оросоор Зая-Пандита, Зая-Пандита Намкхай Чжамцо, (1599-1662) нь 1599 оны шарагчин гахай жилд Зүүнгар улсын нутагт сууж байсан Хошууд (аймаг)-ын Гөрөөчин отгийн Шангас овогт Хүнгүйзаяачийн ууган хүү Баавханы тавдугаар хөвүүн болон мэндэлж түүнд Шархаваг хэмээх нэр өгчээ.

 

1616 онд 17 настай байхад нь ойрадын Байвгас баатар үрчлэн авч Төвдийн Лхасын Барайвун хийдэд шавилан суулгажээ. Тэнд Намхайжамц хэмээх сахилын нэртэй (огторгуйн далай) болжээ. 10 жил шашны ном үзээд рабжамба (хэтэрхий мэдэгч) цолыг хамгаалжээ. Рабжамба болоод 20 жил Төвдийн олон хийдэд шавилан суухдаа Зая Бандид хэмээн хүндлэгдэн алдаршив.

 

1638 онд Гурван Их Богд хэмээн алдаршсан буюу V дүрийн Далай лам Агваанлувсанжамц, IV дүрийн Банчин эрдэнэ, Галдан ширээт хийдийн хамба Галдан тив нарын зарлиг дор Халх долоон хошуу, дөрвөн Ойрадын нутагт төр шашны их багшаар томилогдон эх нутагтаа морилон иржээ.

 

1640 оны Халх Ойрдын олон ноёдын Тарвагатайн чуулганд оролцож Их цаазын бичигт санаа бодлоо нийлүүлэв. Тэрээр Зүүнгараас гарч яваад 1641—1642 онд Халх, 1645, 1657 онд хоёр удаа Ижилийн Ойрд зэрэг Манжийн эрхшээлд ороогүй Монгол нутаг орноор явж ном сургааль айлдаж байжээ.

 

Зая Бандид Намхайжамц 1648 оны хулгана жил Зүүнгарын нутаг Чүй голын эрэгт Авлай тайжийнд өвөлжихдөө хамаг Монгол хэлтэнд дөхөмчилж худам Монгол үсгийг тодруулж, тодорхой болгосон "Тод үсэг"-ийг зохиожээ.  Монгол ярианы хэлэнд бүрэлдэн тогтсон үгийн утгыг нарийн ялгах үүрэгтэй зарим авиалбарыг нарийн ялгаатай тэмдэглэх болгож, үндсэн долоон эгшгийг тус тусад нь ялгаж бичдэг үсэг зохиожээ. Ингэхдээ худам Монгол бичгийн о, у болон ө, ү эгшгийг тус тус ялгахаас гадна г, х гийгүүлэгчийг басхүү тус тус ялгаж тусгайлан тэмдэглэн тодорхой болгожээ. Мөн түүнчлэн нийт Монгол хэлний авиа зүйн тогголцоонд бүрэлдсэн урт эгшиг тэмдэглэх аргыг онолын нарийн үндэслэлтэй өөрчлөн зохиосон болно. Ийнхүү тод бичгийг зохиохдоо зөвхөн Ойрад аялгууны явцуу хүрээнд зориулсан бус нийт Монгол туургатны бичиг соёлд хамаатуулсан байна. Тод бичигт Самгард, Төвд хэлний авиаг тэмдэглэх тусгай галиг үсгийг ч мөн зохиожээ. Тухайн үеийн Ойрад, Монголын ярианы хэлээр суурь болгон зөв бичих дүрэм боловсруулсан нь хэл судлалд нэртэй мэргэжсэний шинж болой. Зая бандида тод үсэг ба түүгээр бичих боловсруулахдаа авиан зүйн зарчим баримталсан бөгөөд түүхэн зүин зарчим баримтлах явдал тухайн үеийн бичиг соёлыг дэлгэрүүлэхэд төвөгтэй гэж үзсэн бололтой. Тод үсэг нь Хятад болон Европын хэлийг ч Монгол бичигт галигалан буулгах бололцоог олгожээ. 

 

Зая бандида дөрвөн Ойрдын ноёдын хоорондох эвдрэлийг арилгаж, төр ёсыг тогтвортой хүчтэй болгохын тулд цаг үргэлж чармайн зүтгэж байсан хүн. 1640 онд халх, ойрдын ноёд "Их цааз" хэмээх засаглалын журмыг хэлэлцэн тогтоож байхад оролцсон гурван хутагтын нэг юм. Их цаазад бурхны шашныг улсын шашин болгон тогтоосон явдал бол Зая бандидын гавъяат зүтгэл мөн гэж хэлж болно хэмээн түүний намтарт бичсэн байна.

 

Зая бандидын Хөхнуур, Зүүнгар, Ижил зай нутгийн болон бүх ойрадууд түүнчлэн Халх, Өвөрлөгч хамаг Монголчуудыг эв нэгдэлтэй, нэгдсэн нэг бичиг үсэгтэй болгосугай хэмээн чармайж Тод бичиг зохиосон бөгөөд 1652 онд Бээжинд морилохдоо Далай ламаар дамжуулан Манжид эзлэгдсэн Өвөр монголчуудын дотор тод бичгийг дэлгэрүулэх саналыг тавьж, энэ тухай манж хааны зарлиг бошго буулгуулах гэж хичээж байжээ. 

 

Тэрээр 1662 онд Төвдөд очих замдаа Хөхнуурт нас нөгчжээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Тод бичиг

Зая Бандид Намхайжамц
Халимаг улсын их сургуулийн цэцэрлэгт боссон Зая Бандид Намхайжамцын хөшөө. Элст хот
Зая Бандид Намхайжамц