Зантгар халим

 

Зантгар халим. Латинаар: Physeter macrocephalus (Карл Линней, 1758) нь Шүдэт халимын багийн далайн хөхтөн бөгөөд умард туйлаас өмнөд туйл хүртэл өргөн уудам нутгаар амьдарна. Ижил нэршил: Physeter catodon (Linnaeus, 1758), Physeter australasianus (Desmoulins, 1822)

 

Зантгар халим нь шүдэт халимын дотор хамгийн томд тооцогдох бөгөөд нас бие гүйцсэн эр халим 20.5 м урт, 57,000 кг жинтэй. Эм нь арай жижиг 12 м урт, 14,000 кг жинтэй байна. Толгой нь биеийнхээ 3-ны 1-тэй тэнцүү бөгөөд хамгийн том буюу 7 кг жин татах тархитай амьтан юм. Доод эрүүндээ 20-26 шүдтэй, 1 шүд нь 1 кг жинтэй. Идэш тэжээлийн 95 нь далайн арваалж, үлдсэн хувь нь загас зэрэг болно. Тиймээс зажлах шаардлагагүй, бүхлээр нь залгигдах арваалжаар хооллоход шүдний хэрэгцээ байхгүй гэгдэж байв.

 

 

Шүдгүй мөртлөө эрүүл чийрэг, тарга тэвээр сайтай халим ажиглагдана. Өдгөө үүний учрыг зарим эрдэмтэд эр зантгар халимууд хоорондоо өрсөлдөн, тэмцэлдэхэд хэрэглэгддэг байх гэж таамаглаж байна. Үнэхээр ч шүд нь мохоо үзүүртэй, хоородоо нилээд зайтай ургасан байдаг. Мөн ойрын жилүүдийн судалгаагаар зулзагаа далайн мандалд орхиод гүн рүү шумбан, хоол тэжээл авлахаар явсан эх халим барьсан олзоо амандаа зуусан чигээр буцаж ирж буй нь мэдэгдсэн. Бичлэгээс харахад бүхэл биш, тасдсан далайн аварга арваалж байсан бөгөөд үүнээс үүдэн шүд нь барьсан идшээ тасдаж хуваах, далайн гүнээс дээшээ буцан гарах үед гулсаж унагахгүйн тулд хэрэгтэй гэсэн таамаглал дэвшигдэж байна. Зантгар халим нь амьдралынхаа 2/3-г далайн гүнд өнгөрүүлэх бөгөөд дэлхий дээрх хамгийн гүн шумбадаг хөхтөн юм. 3000 м далайн гүн рүү хялбархан шумбаж, нэг амьсгаагаар 90 минут хүртэл байж чаддаг байна. Бусад төрлийн халим 400 м орчим шумбаж, 35 минут хүртэл амьсгаа авахгүй байдаг.

 

Зантгар халим 70 гаруй насалдаг. Үр зулзагаа халамжлан өсгөдөг байна. Эм халим 14-16 сар зулзагаа тээдэг ба зулзага нь төрөхдөө 4 м урт, 1000 кг жинтэй байна. 19-42 сар эхийгээ хөхөх бөгөөд өөр эм халимыг хөхөх тохиолдол бас байх ажээ. Эм зантгар халим 7-13 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг бол эр нь 18 хүрж байж нас бие гүйцнэ. Эр зантгар халим 50 нас хүрж байж биеийн өсөлт бүрэн дуусдаг байна.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Халим

Зантгар халим
Зантгар халим
Зантгар халимын тархац. Цэнхэр өнгө