Замба гүрвэл

 

Замба гүрвэл. Латинаар: Laudakia stoliczkana (Blanford, 1875) нь Замба гүрвэлийн овогт ( Латинаар: Agamidae) багтана. Англиар: Mongolian agama, Mongolian rock agama. Монгол дахь салбар зүйл: Laudakia stoliczkana  Аltaica (Munkhbayar, 1971). Ижил нэр: Stellio stoliczkanus (Blanford, 1875), Agama stoliczkana (Blanford, 1875),  Agama tarimensis  (Zugmayer, 1909), Stellio stoliczkana (Blanford, 1875). Хятад (Шинжаан, Гансу), Монголын өмнөд ба баруун өмнөд нутагт тархсан. Манай орны Алтайн өвөр говь, Говь Алтай, Говийн Тэнгэр уулсын хажуу хормойн хад асга, харгана сөөгтэй газар, уулсын хоорондох хотос хөндий, цөлийн баян бүрд орчмын хадат уулсаар тархсан байдаг. Нэлээд өргөн уудам нутагт тархсан боловч тархац нутгийнхаа дотор экологийн хувьд аятай таатай нөхцөл, тухайлбал бут мод, хад чулуутай газрыг шүтэн амьдарна. Популяцийн тоо толгойн өнөөгийн хэмжээ тодорхойгүй. Амьдрах орчны нөхцөлөөс болж алаг цоог тархацтай. дорнын анагаах ухаанд эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн.

 

Монгол улсад тархсан Замба гүрвэлийн тархац нутгийн 51 хувь нь улсын тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээнд хамрагдсан бөгөөд энэ зүйлийн манай оронд тархсан талбайн хэмжээ 98,255 км2 ажээ. Замба гүрвэлийн зүйлийн популяци нь хэсэгчлэн хуваагдаж тусгаарлагдсан байна. Монгол-Германы экспедицийн хүрээнд 1974-1978 онуудад Ховд аймгийн нутаг, Их нуурын хотгорын Ховд голын савд орших Баян ууланд 86 бодгаль замба гүрвэл тавьж нутагшуулжээ. (Stubbe нар, 1981). Одоогоор энэ зүйлийн популяци тогтвортой байна гэж үздэг ч  бөгөөд ховордуулах гол шалтгаан үгүй байна. Хэдий тийм ч уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэж,  Хятадад архинд хандлан худалдаалдаг бөгөөд цаашид худалдаа, арилжаа популяцийн хэмжээнд нөлөөлөхүйц өсвөл энэ зүйл ховордох магадлалтай.  

Замба гүрвэл
Замба гүрвэл. Laudakia stoliczkana (Blanford, 1875)
Замба гүрвэл