Ж
Жигжиджав Цэнгэлтийн
Жигжиджав Цэнгэлтийн

 

Цэнгэлтийн Жигжиджав (1894 - 1933 оны 5 сарын 2) нь Монгол улсын найм дахь ерөнхий сайд юм. 1930 оны 4 сарын 27-нд Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон. 1932-1933 онд Худалдаа зам тээвэр, харилцан нэвтрэлцэх яамны сайдаар ажиллаж байсан. 1933 оны 5 сарын 2-ны өдөр гэртээ буу алдаж учир битүүлгээр нас барсан. Нас барсаных нь дараа хувьсгалын эсэргүү Лхүмбийн хэрэгт холбоотой байсан гэж зарлажээ.

1894 онд Цэнгэлт овгийн Балжингийнд нэгэн хөвгүүн мэндэлсэн нь хожмын Монголын төрийн нэрт зүтгэлтэн Жигжиджав байлаа. Төрөлхийн цовоо цолгиун Жигжиджав хүү нутгийн өвгөн бичээчид шавь орж, "а" үсэг, ацаг шүд таниад зогссонгүй, бичгийн утгыг тайлахтайгаа болжээ. Тэрээр орь залуугаасаа хошуу тамгын газар улаач, зарлага, тал бичээч, бичээчийн алба залгуулж, төр, түмний хэргийг гадарлах болжээ.

 

Удалгүй 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалтай золгож, бичиг үсгийн багш, улмаар хошуу тамгын газар ажиллах болж, ардын төрийн алба хашиж эхэлжээ. Ардын шинэ тулгар төрд мэдлэг чадвартай хүмүүс ус, агаар шиг хэрэгтэй байсан цагт түүнийг орон нутгаас шилж сонгон, 1923-1924 онд Сангийн яамны дэргэдэх гаалийн нягтлан бодохын сургуульд суралцуулсан байна. 1924 онд хуралдсан МАХН-ын III их хурал "Гаалийн албан хаагчдад Намын Төв Хороотой зөвлөлдөн, намын боловсронгуй гишүүдийг тухай бүр томилон суулгаж оролцуулах зэргээр гаалийн хэрэгт намаас ихээхэн хүчилж оролдвол зохино" гэсэн заалтын дагуу шинэ тутам сургууль төгссөн Ц.Жигжиджавыг Дорнодын гаалийн хорооны Засгийн газрын түшмэлээр томилжээ. Ц.Жигжиджав 1926-1930 онд Монголын харилцан туслалцах хоршооны байцаагч, орлогч дарга, Ерөнхий хорооны даргаар ажиллажээ. Энэ үе бол Монголын эд хэрэглэгчдийн харилцан туслалцах хоршоог Зөвлөлтчилөх улс орны эдийн засгийн тусгаар тогтнолд төвөгтэй он жилүүд байв. Жигжиджав хойт хөрш их гүрний ая эвийг олж, үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд бага хохиролтой асуудлыг шийдэхийн төлөө чармайн зүтгэж байв.

 

Жигжиджав Дарьгангад байсан төмөр сүрэг буюу мөнх сүргийг төрийн дархан өмч гэж зарласан хэдий ч, хүмүүс хувийн өмч мэт дураараа үрэн таран хийж байгааг мэдээд, уг асуудлыг 1926 оны 1 дүгээр сард Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хуралд оруулж, мал сүргээс нутгийн ард олонд хувь олгон шийдвэрлүүлж, олон ядуу айл өрхийг өөрийн гэсэн мал хөрөнгөтэй болгуулсан байна.

 

Цэнгэлтийн Жигжиджав 1930 оны IV сарын 27-нд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогджээ. Эл өндөр албан тушаалд түүний хоёр жил гаруй ажилласан хугацаа нь Зүүний нугалаа завралын жилүүдтэй давхцсан юм. Жигжиджав улсын сан хөмрөгийг зузаатган арвижуулах, мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрийн газар байгуулах талаар идэвхи санаачлагатай ажиллаж байжээ.

 

1930 онд хонины ноос угаах үйлдвэр байгуулах асууүний үрээр Хатгалын ноос угаах үйлдвэр байгуулагдсан юм. Улсын санхүүг онцлон анхаарч, Сангийн яамны сайд С.Довчинг Ерөнхий сайдын орлогчоор хавсруулан ажиллуулсан байна. Тэрээр гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдыг чин сэтгэлээсээ дэмжиж байлаа. Жигжиджав 1931 оны II сард ЗХУ-д очихдоо академич М.Майскийн хүсэлтээр түүнийг хүлээн авч уулзсан байна. Сайхь академич Ерөнхий сайдад Монголын үнэн бодит байдлыг харуулсан баримт сэлт зураг олж өгөхийг хүсчээ. Жигжиджав эл хүсэлтийг хүлээн аваад баримт зураг сэлтийг 1931 оны XII сарын 25-ны дотор багтааж, Элчин сайдын яамаар дамжуулан илгээхийг холбогдох хүмүүст үүрэг болгож байв. Ц.Жигжиджав Ерөнхий сайдын хувьд ард түмний эрүүл мэндийн төлөө байнга анхаарч, уг асуудлаар тусгай бодлого боловсруулан, Эрхүү хотын анагаах ухааны дээд сургуульд оюутан сургаж, их эмч бэлтгэх, Засгийн газрын дэргэдэх биеийн тамирыг сайжруулах товчооны ажлын нэг гол чиглэл нь хүн амын эрүүл мэндэд тус нөлөө үзүүлэх явдал хэмээн үзэж байжээ.

 

Тэрээр 1926-1932 оны хооронд хэд хэдэн удаа БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргуүлэн ЗХУ-д очиж, гэрээ хэлэлцээр хийж байлаа. Ц.Жигжиджав 1924 онд Монголын Харилцан Туслалцах хоршоонд, 1925 онд МАХН-д, 1927 онд МҮЭ-д тус тус гишүүнээр элссэн байна. 1932 оны VI сард болсон МАХН-ын Төв Хороо, Хянан Байцаах Төв Комиссын 0нц III бүгд хурал дээр П.Гэндэн тавьсан илтгэлдээ: Жигжиджавыг зүүний нугалаатны манлай удирдагч" гэж тэмдэглэсэн боловч шинэ баруунтан хэмээн будилжээ.

 

Онц III бүгд хурал Намын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүнээр дахин сонгож, Ерөнхий сайдаас чөлөөлсөн боловч БНМАУ-ын Худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайдаар томилжээ. 1933 оны 5 сарын 22-нд буу алдан нас баржээ. Түүний үхлийн шалтгааныг зарим судлаачид Сталин түүнд таагүй ханддаг байснаас үүдэн Зөвлөлтийн Дотоод яамнаас зориуд зохион байгуулалттай хийсэн аллага байсан гэж үздэг.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол Улсын Ерөнхий Сайд

 

Жигжиджав Цэнгэлтийн
Цэнгэлтийн Жигжиджав