Ж
Жаргалант үржлийн хэсэг
Жаргалант үржлийн хэсэг

 

Жаргалант үржлийн хэсгийг 1991 онд баталсан. Үүлдрийн хэсгийг гаргахдаа нарийн, нарийвтар, бүдүүвтэр ноост эрлийз хонийг Грузины өөхөн сүүлт, нарийвтар ноост үүлдрээр эрлийзжүүлж II үеэс тохиромжтой хэвшлийг сонгож өөр дотор нь үржүүлэх аргыг хэрэглэсэн. Жаргалант үржлийн хэсгийн зохион бүтээгчээр МУ-ын төрийн шагналт, гавъяат зоотехникч Т.Аюурзана, дэд доктор А.Лүгтэгсүрэн нар батлагджээ. 


Жаргалант үржлийн хэсгийн хонийг Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхонтуулд үржүүлдэг. Жаргалант хонь богинодуу, лагс биетэй. Өөхөн сүүлтэй, нарийвтар ноостой. 
Мах нь алагдуу, шорлог хийхэд нэн тохиромжтой. Ноос нь нэхмэл, сүлжмэл эдлэл хийх, арьс нь үслэг эдлэл хийхэд тохиромжтой. Үржлийн хуц дунджаар 65.0 кг, төлгөн хуц 45.0 кг, эм хонь 50.0 кг, охин төлөг 41.0 кг жинтэй. Нас гүйцсэн хуц 3.5 кг, төлгөн хуц 2.8 кг, эм хонь 2.5 кг, охин төлөг 2.2 кг ноос өгдөг. Ноосны дундаж урт 8 см, нарийн нь 25.1-31.0 мкм, ноосны цэвэр гарц 58%. Ирэгний жин 60.5 кг, гулуузны жин 27.8 кг, махны цэвэр гарц нь 50.2 хувь байдаг.

 

 

Холбоотой мэдээлэл:

1. Хонин сүрэг

 

Жаргалант үржлийн хэсэг
Жаргалант үржлийн хэсгийн хонь