Ж
Жаргалант адуу

 

Жаргалант адуу харьцангуй бие томтой, чийрэг бие цогцостой, эгц шулуун, зөв тавилт бүхий булчинлаг хөлтэй, шөрмөс тод сайн хөгжсөн, уртавтар шулуун зоо нуруутай, хатингардуу толгой, эгц босоо чихтэй, монхор хамартай, хамрын нүх том, дугуй хэлбэртэй, эрүүний түүшингийн хоорондох зай өргөн, аман хүзүү зузаан, бор шаргал өнгийн нүдтэй, сэрвээний өндөр нь дунджаар 135-140 см, хавирганы матаас сайн, дэл сүүл шингэвтэр, хондлой нь сэрвээнээсээ 2-3 см-ээр өндөр байдаг.

 

Жаргалант адууны 80-90 хувь нь хээр, бор хул, зээрд зүстэй. Хааяа хар, бор зүс тохиолдоно. Жаргалант адуу жилийн турш бэлчээрийн маллагаанд байж намрын жингээ 15-18 хувь алдаж онд ордог. 

Нас гүйцсэн азарга дунджаар 340 кг, гүү 315-320кг жин татдаг. Жаргалант адууны унага нэг сартайдаа 56.5 кг, 3 сартайдаа 103.0 кг, 6 сартайдаа 121.5 кг, 18 сартайд 210.3 кг, 30 сартайд 279.2 кг жин татдаг.

 

Жаргалант адууны унага дунджаар 32-33 кг жинтэй, сэрвээний өндөр нь 82 см, цээжний бүслүүр 73 см, биеийн ташуу урт 167 см, шилбэний бүслүүр 10.5 см төрдөг. 6 сарын дараа хоногт 450-500 гр-аар жингээ нэмж төрөх үеийнхээс 2.5-3 дахин өсөлттэй байдаг. Унага эхээс төрсний дараа эрчимтэй өсч, урт, өргөн нь харьцангуй тогтвортой байдаг. Жаргалант хэвшлийн нас гүйцсэн адууны нядлагын жин 165-170 кг, гарц нь 49-51% байдаг. Махлаг чанарын коэффициент 4.4-4.8 кг, махны илчлэг чанар 2000 ккал байна. 
Жаргалант гүүний сүүний гарц хоногт дунджаар 3 литр, бэлчээр, усны хангамж хүрэлцээнээс хамаарч 2.5-3.7 литрт хэлбэлздэг. Саалийн 90 хоногт дунджаар 250 литр сүү сааж айраг үйлдвэрлэх боломжтой. Унага нь 1 кг амьдын жин нэмэгдүүлэхэд дунджаар 18 литр сүү зарцуулсан судалгаа байдаг. 

 

Жаргалант адуу хурдлах чадвараар гойд сайн, сүүлийн 30 орчим жилд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд илт давамгайлж, 100 гаруй түрүү, 300 гаруй айраг авчээ. Тэжээллэг, арчилгаа маллагааны зөв технологи, арга зүйгээр маллаж, уяа сойлгыг нь тааруулбал жил тойрон уралдах боломжтой. 
 

Жаргалант адуу эх, эцгийнхээ хурдлах болон бэлчээр ашиглах чадвараа үр төлдөө сайн дамжуулдаг.  Манай орны ойт хээр, тал хээр, төвийн бүсэд үндсэн сайжруулагчаар ашиглах бүрэн боломжтой. Цаашид тархацын хүрээг нь өргөтгөх, нарийн бодлого, төлөвлөгөөтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажил явуулах шаардлагатай байна.

Жаргалант адуу
Жаргалант адуу