Ж
Жанибеков Владимир Александрович
Жанибеков Владимир Александрович

 

Владимир Александрович Жанибеков. 1942 оны 5 сарын 13 нд  Казахстаны Искандер тосгонд мэндэлжээ. ЗХУ-ын Сансрын нисгэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар (1978, 1981), нисэх хүчний хошууч генерал (1985), БНМАУ-ын баатар (1981) билээ. Тэрээр 1960 онд Ташкентын Суворовын цэргийн дунд сургуулийг дүүргэж Ленинградын их сургуулийн биеийн тамирын ангид элсэн оржээ. Жилийн дараа Ейскийн цэргийн нисэхийн дээд сургуульд орж 1965 онд Агаарын хүчинд нисгэгч-зааварлагчын алба хаших болжээ. 1970 оноос сансрын нисгэгчдийг бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж улмаар тэрээр сансарт 5 удаа нисчээ. Тэрээр хамгийн туршлагатай сансрын нисгэгчид тооцогддог бөгөөд таван удаа сансарт нисэхдээ бүгдэд нь хөлгийн даргаар ажилласан байдаг. 

  • Анх сансарт  1978 оны 1 сарын 10-16 өдрүүдэд "Союз" хөлгөөр нисч "Салют-6" сансрын тойрог замын станцд ажиллажээ.
  • Хоёрдахь нислэг 1981 оны 3 сарын 22-30 өдрүүдэд "Союз-39" хөлгөөр БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн хамт нисч "Салют-6" сансрын тойрог замын станцд ажиллажээ. 
  • Гуравдахь удаад 1982 оны 6 сарын 2-24нд “Союз Т-6” хөлгөөр нисч “Салют-7” сансрын тойрог замын станц дээр ажиллажээ.
  • Дөрөвдэх удаад 1984 оны 6 сарын 17-29нд “Союз Т-12” хөлгөөр нисч “ Салют-7” сансрын тойрог замын станц дээр ажиллахдаа 3 цаг, 35 минутыг задгай сансарт өнгөрөөсөн байна.
  • Тав дахь удаад 1985 оны 9 сарын 26 наас 1986 оны 6 сарын 6 хүртэл 115 хоног “Союз Т-13” хөлгөөр нисч “Салют-7” сансрын тойрог замын станц дээр ажиллажээ.

Сүүлчийн нислэг нь Оросын сансрын нислэгийн түүхэн дахь хамгийн ярвигтай нислэг болсон бөгөөд “Салют-7” сансрын тойрог замын станц тэжээлээс салж, удирдлагагүй болсон бөгөөд Жанибеков Савиныхтай хамтран үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулж гар удирдлагад шилжүүлж чадсан байна. Энэ нислэгийн үед сансрын биет нэгэн хэмээр эргэлдэж байхдаа тэнхлэгээ гэнэт 180° сольдог үзэгдлийг жингүйдлийн орчин дахь эрэг (гайк) ний хөдөлгөөнөөс санамсаргүй олж нээсэн байна.  Энэ үзэгдлийг “Жанибековын үзэгдэл” хэмээн нэрлэх болжээ.

Тэрээр 1985-1988 онд Юрий Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийг бэлтгэх төвийн дарга, 1997 оноос уг төвийн эрдэм шинжилгээ судалгааны төвийн даргаар ажиллаж байжээ.

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Гүррагчаа Жүгдэрдэмидийн

2. Савиных Виктор Петрович

Жанибеков Владимир Александрович
Сансрын нисгэгч Владимир Александрович Жанибеков
Сансрын нисгэгч В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нар