Ж
Жабир ибн Хайян

 

Абу Абдаллах Жабир ибн Хайян ад-Азди ас-Суфи جابر بن حيان

 

Мэндэлсэн газар:                      Арабын Тусь хот

 

Нас барсан газар:                     Куфа

 

Судалгааны ажлын чиглэл:     алхими, анагаах ухаан, эм зүй, математик, одон орон

 

Абу Абдаллах Жабир ибн Хайян ад-Азди ас-Суфи (араб. جابر بن حيان) Ойролцоогоор 721- 815 онд амьдарч байсан Арабын алдарт алхимич, эмч, эм зүйч, математикч, одон оронч. Тэрээр Йемен гаралтай эмийн санч Хайан ад-Аздийн гэр бүлд төрсөн бөгөөд дундаж зууны Европт Geber хэмээх латин нэрээрээ алдаршжээ.

Жабир ибн Хайян Евклидын “Эхлэл” болон Птолемейн «Альмагесту» зэрэг алдартай бүтээлүүдэд тайлбар хийж «Астроляби хийх тухай», «Яруу сайхан тайлбар», «Оддын байрлалын тухайг», «Толины тухай» зэрэг томоохон бүтээлүүдээ туурвижээ. Анагаахын салбарт тэрээр «Хор ба хоргүйжүүлэгчдийн тухай», «Нигүүлсэхүйн сургааль» зэрэг ном бичжээ.

 

Алхими

 

Жабир ибн Хайаныг алхимийн хэдэн зуун бүтээл туурвисны хэдий ч хэдхэн ном түүгээр овоглодог хэмээн үздэг. Түүний бүтээл онолын буюу далд нууц утгатай, мөн нилээд хэсэг нь лабораторийн туршилтын үр дүнг тайлбарласан шинжтэй бүтээл байлаа.  Жабирын бүтээлүүд нь Араб болон Баруун Европын алхимид ихээхэн нэр хүндтэй байр суурь эзлэж байв.

Жабир ибн Хайяны улс төр, шашны номлол, байгалийн шинжлэх ухаан зэрэг олон салбарт хамаарах 70 бүлэгтэй нэвтэрхий толийн шинжтэй «Дал» хэмээх ном бичжээ. Уг номын сүүлчийн бүлэгт металл болон эрдэс бодисын тухай өгүүлж байгаль дээр тохиолддог төрөл бүрийн бодисуудаас тэрээр долоон металлыг онцлон авч тэдгээрийн гялтганах өнгө, хайлах болон давтагдах шинж чанаруудыг нь тайлбарлажээ. Жабир  металлын үүслийн талаархи өөрийн (мөнгөн ус - хүхрийн) онолоо дэвшүүлсэн бөгөөд тэнд “мөнгөн ус”, “хүхэр” хоёрыг металлын бүрэлдэхүүний хоёр үндсэн хэсэг хэмээгээд Мөнгөн усыг металлаг чанарын, “хүхэр”-ийг шатамхай чанарын эхлэл гэсэн тодорхойлжээ.

Түүнийхээр “хуурай” нь ууршаад газарт эргэж шингэрэхдээ “хүхэр”-ийг, харин “нойтон” нь ууршаад шингэрэхдээ “мөнгөн ус”-ыг бий болгодог. “Хүхэр”, “мөнгөн ус” хоёр янз бүрийн харьцаагаар нийлж нэгдэн долоон төрлийн металлыг үүсгэдэг. Тухайлбал, алт нь бүрэн цэвэр “хүхэр”, “мөнгөн ус” хоёр хамгийн зохистой харьцаагаар нэгдсэн үед үүсдэг хамгийн төгс төгөлдөр металл гэж үзсэн. Түүнийхээр алт болон бусад төрлийн металлууд нь аажим удаан үүснэ. Металл дахь “Хүхэр”, “мөнгөн ус”-ны харьцааг өөрчлөх “эм” юмуу “шингэн” хэрэглэж алт, мөнгө үүсэх үйл явцыг хурдасгаж болно хэмээн үзжээ.

Түүнчлэн Жабир ибн Хайян  янз бүрийн бодисын (уусах, уурших, талсжих зэрэг) төлөв байдлын хувирал болон (байван, шүлт, жац зэрэг) химийн бэлдмэлүүдийн талаар тайлбар хийхийн зэрэгцээ цууны хүчил, азотын хүчлийн уусмал зэргийг гаргаж авах аргуудын талаар дурджээ.

 

 

Жабирын Нэрэх зуух (Псевдо-Гебер, XIV зуун.)

 

XIV зууны үед Европт «Төгс чанарыг нэмэгдүүлэх буюу металлын чанарыг сайжруулах ухаан» (Summa perfectionis), «Металлын чанарыг сайжруулах судалгаа» (Liber de investigatione perfectionis), зэрэг алхимийн олон алдартай бүтээл байсан. Эдгээр бүтээлийг Жабир ибн Хайян  юм уу эсвэл Испаны алхимичид бичсэн байж хэмээн үздэг байна..

Түүний бүтээлүүдэд алхимийн хэрэглээний чиглэлийн мэдээлэл их олноор орсны дотор тухайлбал, шингэний нэрлэг,  хатуу бодисын нэрлэг (сублимация), шүүлт, тундасжил зэрэг янз бүрийн химийн процессыг явуулах төхөөрөмж, мөн мөнгөнөөс алтыг, хар тугалганаас мөнгө ялгаж авах аргуудыг тайлбарласан байдаг.

Жабир ибн Хайян  хүчтэй хүчлүүд буюу «хатуу архи» (aqua fortis), азотын болон хүхрийн хүчлийг догшин шүү (селитра), байван, цөрийг (квасц), жац (нашатырь) ,«хаан архи» (aqua regis) зэргийг нэрэх замаар хэрхэн гаргаж авах талаар тайлбарлан бичжээ.  

Бүтээлүүд:

•           E. J. Holmyard (ed.) The Arabic Works of Jabir ibn Hayyan, translated by Richard Russel in 1678. New York, E. P. Dutton (1928); Also Paris, P. Geuther.

•           Syed Nomanul Haq, Names, Natures and Things: The Alchemists Jabir ibn Hayan and his Kitab al-Ahjar (Book of Stones), [Boston Studies in the Philosophy of Science ] (Dordrecht: Kluwer Academic Publishers, 1994), ISBN 0-7923-3254-7.

Эх сурвалж:

•           Матвеевская Г. П., Розенфельд Б. А. Математики и астрономы мусульманского средневековья и их труды (VIII—XVII вв.). В 3 т. М.: Наука, 1983.

•           Фигуровский Н. А. Очерк общей истории химии. От древнейших времен до начала XIX века. М.: Наука, 1969. 

Жабир ибн Хайян
Жабир ибн Хайян