Ерөөл

 

Ерөөл гэдэг бол монгол ардын аман зохиолын өвөг, бичгийн уран зохиолын эцэг юм. Ерөөл нь “ёр” гэдэг үгнээс үүссэн. Хожим ёр гэдэг үг салаа утгатай болон биеэ даан үлдэснээс “сайн ёр”, “муу ёр” гэсэн ойлголтыг агуулдаг болжээ. Тийнхүү “ерөөл” хэмээх аман болоод бичгийн уран зохиолын нэгэн төрөл зүйл, гол төлөв зөгнөлт шинжтэйгээр өнөөг хүртэл хөгжсөөр ирэв. Ардын зан үйл, гэр барих, эсгий хийх, дээл оёх, мал агтлах, гүү барих, тогоо нэрэх, найр хийх, хүүхдийн үс үргээх зэрэг амьдрал ахуйн олон сайхан хэрэг явдалд сайны ерөөл өргөдөг нь “амны бэлгээс ашдын бэлэг”, “ерөөлийн үзүүрт тос” гэдэг монгол хүний философийн мөн чанараас иш үндэстэй юм. Ихэнхдээ хоёр мөр буюу хожооноос бүтсэн богинохон ерөөлийн үгийг ердийн ахуйн тодорхой үйл явдлуудад бараг л хүн бүрт хэлдэг нь манай монгол ёс. Эсгий хийж байвал: “Цагаан эсгий цавгүй, цааш нааш гавгүй, цаснаас илүү цагаан яснаас илүү хатуу бол!” гэх, ноос савж байвал: “Саваа чинь шандас, савсан ноос чинь мяндас бол!” гэх, тогоо нэрж байвал: “Архи арз болж, авгай дагина бол”, сааль сааж байвал: “Сав чинь дүүрэн, сааль чинь арвин” гэх, аян жинд явж байвал: “Хад мэтэдийн олзтой, хайрга мэт мөнгөний олзтой бол”, унага татаж байвал: “Ногтолсон унага ногтруунаас олон бол, ногтонд номхорч чагтанд чангарах болтугай” гэх, цагаан сар болж байвал: “Бууршгүй буянтай сааршгүй сантай, наян насыг насалж нас бүрдээ жарга” гэх мэтээр ерөөдөг нь монгол хүнд бараг л мэндлэхтэй адил байнгын бөгөөд зайлшгүй зүйлийн нэг билээ. Иймэрхүү товч тодорхой ерөөлийн хариуг ч мөн тиймээр барьдаг ёстой. Ийм ерөөлийн хариу үг нь зүгээр энгийн “баярлалаа”, “талархая” хэмээх үгс бус харин ерөөсөн хүний үгийн бүтэх биелэхийг зөгнөсөн нэгэн төрлийн хариу ерөөл байдаг нь онцлог юм. “Ерөөлөөр болтугай!” гэж ерөөлгөсөн хүн хариу өчдөг. Тэгэхээр “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлддэггүй”. Монголчууд ямар ч сайхан ерөөлийг сонсоод болж бүтчихсэн юм хөөрцөглөдөггүй, харин тэрхүү ерөөл ёсоороо болтугай, эсвэл “мөр зохь” хэмээн билгэшээдэг онцлогтой.

 

 

Хуримын ерөөл

 

Өвөг дээдсийнхээ ариун голомтыг өртөөлөн залгамжилж

Гал голомтоо бадрааж буй билэгтэй сайхан энэ өдөр

Үгийн сайхнаар ерөөл өргөж

Сэтгэлийн сайхнаар бэлэг барияа

Эцгийн ариун голомтыг

Ган тулгандаа бадрааж

Золгон учирсан энэ өдрөөс

Сэтгэл итгэлээрээ хайраа тэтгэж

Хазайсан газар нь нэгнээ түшиж

Хальтарсан газар биесээ тулаж

Нэгэн бие мэт нийлсэн сэтгэлээрээ

Насан буянаа тэгшитгэж яваарай.

Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд

Өөдөө цоролзсон галаа өрдөж

Өрхөн дээр цугласан

Долоон бурханд

Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор

Өнөр өтгөн сайхан айл болоорой.

Ургийн холбоо батжих болтугай

Удмын өлзий дэлгэрэх болтугай

Нарт хорвоогийн буяныг эдэлээрэй

Насан туршид хамтран жаргаарай.

Амраг хосын эвийн сэтгэлээс мандсан

Алтан шаргал зүстэй наран юм шүү

Аавын охиныг түшиж жаргана гэдэг чинь

Алаг эрээн хорвоогийн жам л юм шүү

Энхрий хосын янаг зүрхнээс ургасан

Ээдэм цагаан өнгөтэй саран юм шүү

Ээжийн охиныг түшиж жаргана гэдэг чинь

Эргэх цэнхэр дэлхийн жам л юм шүү

Хайртай хосын аясыг дагаж эргэсэн

Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү

Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь

Ханагар баян амьдралын жам л юм шүү

Уйлах инээх хоёрт цугтаа байж

Унах босох хоёрт хамтдаа байж

Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд

Өргөө цагаан гэртээ төвшин жаргаарай

Ерөөл
Ү.Ядамсүрэн “Өвгөн хуурч” 1958 он