Ембүү

 

 

Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө олон арван мянган жилийн турш мөнгөн тэмдэгт гэгчийг огт мэдэхгүй, түүнийг хэрэглэж ч байгаагүй үе байжээ. Таваарын үйлдвэрлэл, арилжаа солилцооны цаашдын хөгжлийн явцад нэг төрлийн, хувааж жижиглэж, удаан хадгалж болдог, эвдэрч хуучрах нь бага чанар өөртөө агуулсан металл (тухайлбал зэс, хүрэл, мөнгө, алт) эквивалентын үүрэг гүйцэтгэх болжээ. Эртний Монгол оронд бод мал, хонь, дараа нь цай, хадаг эквивалент таваарын үүрэг гүйцэтгэж байв. Хадаг нь хэмжээгээр бага, хөнгөн жинтэй их бага олон янз байсан нь гүйлгээнд хэрэглэхэд бод мал, хонь, цайнаас илүү тохиромжтой байв. Аажимдаа монголчуудын таваарын солилцоонд эхлээд зэс зоос, хожим нь цагаан мөнгө хэрэглэгдэх болжээ. Монголчууд зоосон мөнгөнөөс гадна морин туурайн хэлбэртэй цул мөнгийг Ембүү гэж нэрлэх бөгөөд 1, 2, 5, 10, 50 лангийн ембүүг (нэг лан 37 граммтай тэнцэнэ) арилжаа найманд өргөн хэрэглэдэг байжээ.