Д
Данзан Довдонгийн
Данзан Довдонгийн

 

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Төгс Олхонууд Довдонгийн Данзан 1952 оны усан луу жил Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн Буянт хэмээх газар мэндэлжээ. Тэрбээр Ховд хотын 10 жилийн ургуулийг 1972 онд, МУИС-ийн физикийн ангийг 1977 онд тус тус дүүргэн физикч, физикийн багш мэргэжил эзэмшжээ.

 

Д.Данзан МУИС-д 16 жил физикийн багш болон монгол бөх, утга зохиол, сэтгүүл зүйн салбарт ажиллаж Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан. “Хэт, нэн, маш өндөр давтамжийн радио долгион шууд харагдах зайд тархах үзэгдлийн статистик тодорхойлолтууд” сэвдээр 1992 онд Физик-математикийн ухааны докторын /Ph.D/ зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл бичиж, дотоод гадаадын мэргэжлийн сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлд нийтлүүлжээ.

 

Судалгааны ажлаараа дэлхийн аль ч орны говь, талын бүс нутагт дулааны улиралд үүсдэг зэргэлээ буюу газрын гадарга очмын оптик нягтын хувьд нэгэн төрөл биш болсон агаарын үеэс сантиметрийн урттай радиодолгион ойдог болохыг онол, туршлагын аргаар анх илрүүлжээ.

 

Утга зохиол, яруу найргийн чиглэлээр “Эгшиглэнт нас”(1994), “Босоо дэлтэй бор”(1996), “Дэлхийд ганц наадам”(1996), ”Бусдынх амттай хорвоо” ”(2005), “Дэлхий чимсэн нутаг”(2006) “Сайхан хүмүүс”(2013) яруу найргийн 6 түүвэр, “Бөхийн ертөнц”(1996), “Уран мэх уралдуулсан Ховдын бөхчүүд”(2001), “Ховдын физикч эрдэмтэд”(1994), “Зодог жудаг”(2008), “Бөх араншин”(2008), “Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг”(2008), “Монгол түмний цэнгэлийн өргөө”(2008), “Сэтгэлээс илүү хүчтэн гэж үгүй”(2009), “Тусаас илүү сайн үйлс үгүй”(2010), “Араншин, Жудаг, Мөнгө, Сэтгэл, Тус”(Монголын сэтгүүлчдийн холбооноос эрхлэн хэвлүүлсэн цуврал ботийн 82 дахь боть, 2011), “Жороо цагаанаа унасан аав минь, зодог шуудгаа бүсэлсэн хань минь”(2012), “Учиртай үерхэл, учигтай үргэлжлэл”(2012) зэрэг нийтлэлийн номууд хэвлүүлсэн. Д.Данзан “Түшээт ханы намхай аварга”, “Гэртээ ирлээ”, “Насны хайр”, “Монгол эрийн жавхаа”, “Манлайлан дэвэгчийн дуу”, “Манлай заан”, “Тавын даваа”, “Ах, эгчээ дуулъя”, “Сутай цагаан богд”, “Сайхан хүмүүс”, “Нарны доор үнэнтэй яваарай”, “Их сургуулийн оюутан”, “Төгөлдөр их монгол бөх” зэрэг олонд түгсэн нилээд олон дууны шүлгийг зохиожээ.

 

Д.Данзан “Монгол бөхийн 25 шинэ зүйл”, “Монгол бөхийн 40 шинэ зүйл”, “Монгол бөхөд анхлан суралцах бичиг”, “Сутайн Олхонууд”, “Уужим сэрүүн Сутай”, “Ертөнцийн товчоон”, “Алтан хуудас” 2 боть, “Баримтын товчоон” 2 боть, “Mongolian almanah”, “Электроникийн үндэс хичээлийн лабораторын практикум”, “Монгол бөхийн нэвтэрхий толь” бүтээлүүдийг хамтран туурвиж, “Бөхчүүдийн түгээмэл боловсрол” цуврал 4 номыг эмхэтгэн, физикийн 1, яруу найргийн 2, бөхийн сэдэвт 30-аад номыг ариутган шүүжээ.

 

Д.Данзангийн уран бүтээлийн талаар утга зохиол судлаач, шүүмжлэгч доктор, профессор Ч.Билэгсайхан “Утга зохиол” сонины 2001 оны 3 дугаар сарын 9-ний дугаарт “Эгэл жирийн шүлэгчдийн гавъяа гэж байдаг уу” гэсэн шүүмж бичжээ.

 

Д.Данзангийн олон жил үр бүтээлтэй ажиллаж олонд танигдсан салбар нь үндэсний Монгол бөх хийгээд бөхчүүдийн төлөө зүтгэсэн хөдөлмөр юм. Тэрээр Монголын үндэсний бөхийн холбоог 1990 онд санаачлан байгуулагчдын нэг бөгөөд тэр үеэс тус холбооны дэд тэргүүнээр ажиллаж, Монгол бөхийн өргөө барих санаачилгыг Р.Нямдоржийн хамт анх гаргаж, анхны гар зураг, тооцоог хийж, Монгол бөхөд хийсэн 50 шинэ зүйлийн заримыг сэдэн санаачилсан хийгээд бодит үйлс болгоход эрдэм боловсрол, хичээл зүтгэлээ зориулжээ.

 

Д.Данзан Монгол бөхийн өргөөний барилгын дээврийн 6 талт 28 цонх бүхий цацраг гарган нугалсан өвөрмөц загварын шийдлийг сэдэн олсон төдийгүй дээврийн торон хийцийг угсрах түр байгууламжийн шийдлийг олж, зураг тооцоог хийн, өөрийн биеэр удирдан угсруулжээ. Эдгээр шийдэл нь Монгол бөхийн өргөөг бодит ажил болон сүндэрлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монголын уран барилгын түүхэнд нэгэн шинэ дэвшил болжээ.

 

Д.Данзан нөхдийн хамт санаачлан үүсгэсэн “Бөх” сонины эрхлэгчээр 20 гаруй жил ажиллаж, “Манлайг баясгалан”, “Үндэсний бөх” сэтгүүлүүдийг нөхдийн хамт санаачлан гаргаж, “Түшээт ханы Намхай аварга”, “Манлайлан дэвэгчийн дуу”, “Тавын даваа”, “Төгөлдөр их монгол бөх”, “Сэцэн ханы Чүлтэм аварга”, “Манлай заан” зэрэг дууны шүлэг, “Бөх” найраглал, “Хосгүй тавилан”, “Би бөх болно” зэрэг богино хэмжээний уран сайхны кино зохиол бичжээ.

 

Д.Данзан эрийн гурван наадмын хүрээнд Монгол бөхийг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн төлөөллийн болон хамгаалалтын жагсаалтанд 2010 онд бүртгүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж Монгол бөхийг Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх санааг анхлан гаргаж, 2011 онд бүртгүүлэхэд гар бие оролцжээ.

 

“Монгол бөхийн нэвтэрхий толь” түүхэн бүтээлийг бүтээхэд оролцож, уг бүтээлийн хянан тохиолдуулагчаар нь ажиллажээ. 

 

 

Холбоотой мэдээлэл: Д.Данзангийн шүлэг, Л.Галмандахын хөгжим "Гэртээ ирлээ" дуучин Г.Эрдэнэбат

 

Данзан Довдонгийн
Довдонгийн Данзан