Д
Дамдин дархан аварга
Дамдин дархан аварга

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар (1999), гавьяат жүжигчин; "Гарлаа, өрлөө, давлаа" хэмээх дархан аварга Дарийн Дамдин нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт цагаагчин хонин жил буюу 1931 оны 6 сарын 15 нд мэндэлжээ. Эцэг Пүрэв нь зургаан настай байхад нь нас барсан тул эхээрээ овогложээ. Улсын гарьд Баяраагийн аав. 20 насандаа сумынхаа наадамд түрүүлж бөхийн гараагаа эхэлжээ. Улсын наадамд 1956-1960 онд дараалан тав түрүүлж хосгүй дээд амжилтыг анхлан тогтоосон бөгөөд 1959 оны улсын их баяр наадамд түрүүлэн даян, мөн өдрийнхеө орой Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн барилдаанд 37 бөх тойргоор барилдахад нэг ч уналгүй 36 даван түрүүлж дархан аварга цол хүртэн Монгол бөхийн түүхэнд бас нэгэн өвөрмөц амжилт тоггоосон билээ.
 

1961, 1966, 1968, 1969, 1970 онд үзүүрлэж, 1964, 1965, 1972, 1973, 1974 онд долоо, 1952, 1954, 1971, 1978 онд зургаа, 1953, 1962, 1976, 1981 онд тав давжээ. Хурдан шуурхай барилддагаараа алдартай. Түүнийг барилдаж байхад бөхийн тайлбарлагч «Гарлаа, өрлөө, давлаа» гэсэн гурван үгийг л дөнгөж хэлж амждаг байсан гэдэг. Энэ тухай улсын заан Ц.Гомбодорж «1960 онд Д.Дамдинтай үзүүр түрүүнд үлдлээ. Би өрөх шиг болсон, нэг мэдэхэд газар хэвтэж байлаа. Дамдин бусдаас хол тасархай байв. Дөнгөж өрөнгүүтээ ганцхан дайраад л явчихна» хэмээн дурссан байдаг.Тэрээр Монголын циркийн урлагийг дэлхийд таниулж хүч тамирын тоглолтоороо олон улсад гайхагдан шагшигдаж байлаа.  

Дамдин дархан аварга
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин; дархан аварга Дарийн Дамдин