Д
Дамдинсүрэн Цэндийн
Дамдинсүрэн Цэндийн

 

Цэндийн Дамдинсүрэн. нь Монголын эрдэмтэн, зохиолч байв. Тэрээр 1908 оны 9 сарын 14 нд Цэцэн хан аймгийн буюу өнөөгийн Дорнод аймгийн Матад суманд мэндэлжээ. 1929-1931 онд МХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1938 онд Ленинградын дорно дахины дээд сургууль, 1942-1946 онд "Үнэн" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгчээр, 1950 онд ЗХУ-ын Дорно дахины судлалын хүрээлэнгийн аспирантурыг дүүргэж "Гэсэр хааны туужийн түүхэн үндэс" сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалтжээ.  

 

1952-1955 онд МЗЭ-ийн даргаар ажиллаж,  1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ. 1946, 1947, 1951 онд Монгол Улсын төрийн шагнал, 1986 онд Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртжээ.

 

Ц.Дамдинсүрэн Монголын шинэ үсгийн цагаан толгойг зохиогчдын нэг. Дамдинсүрэн 1928 онд бичсэн "Өчүүхэн дөрвөн үлгэрээр" Монголын шинэ утга зохиолын хуудаснаа гарч ирсэн бөгөөд цаашид 1929 онд бичсэн "Гологдсон хүүхэн" туужаа туурвижээ. Дамдинсүрэн анхны зохиолуудаа "Рашааны дусал" зэрэг Энэтхэг үлгэрээс сэдэвлэн сургаалын маягаар бичсэн бол "Гологдсон хүүхэн" туужаа шинэ Монголын амьдралыг дүрслэн бичжээ. 1941 онд үндэсний утга зохиолын дурсгалт бичиг "Монголын нууц товчоо"-г эртний Монгол хэлнээс орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж дуусгаад 1947 онд хэвлүүлжээ.

 

1955 онд "Монголын утга зохиолын ардчилсан чиглэл", 1956 онд "Монголын утга зохиолыг судалсан түүх", 1959 онд "Соёлын өвийг хамгаалья", 1958 онд "Монголын эртний уран зохиолын товч өгүүлэл", 1959 онд "Монголын уран зохиолын судлалын зарим асуудал" зэрэг утга зохиолын нийтлэг асуудлыг судалсан эрдэм шинжилгээний өгүүллийг бичсэний дээр, 1956 онд "Хоёр загалын тууж", "Чингис хааны 9 өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шаштир", "Убаши хунтайжийн тууж", 1957 онд "Хуульч Сандагийн зохиолуудын тухай", 1958 онд "Оюунтүлхүүрийн тайлбар", "Мандухай сэцэний домог" зэрэг судалгаа шинжилгээний  өгүүллүүдийг бичжээ.

 

Ц.Дамдинсүрэн Монголын уран зохиолын тоймын нэгдүгээр дэвтэрийг зохиосон нь 1956 онд Улаанбаатарт, 1957 онд Хөх хотод хэвлэгдсэн байна. 

 

Тэрбээр 1942 онд Ш.Лувсанвандантай хамтран 30 мянган үгтэй Орос монгол толийг зохиож, 1967-1969 онд А.Лувсандэндэвтэй хамтран 50 мянган үгтэй 2 дахь ботио зохион хэвлүүлжээ. Дамдинсүрэн дэлхийн болон Орос Зөвлөлтийн олон сонгодог зохиолтой Монгол уншигчдыг танилцуулсан юм. Тухайлбал А.С.Пушкиний "Олег сэцэний дуулал", "Алтан загасны үлгэр" зэрэг зохиолыг эх хэлээрээ орчуулсан нь ардын аман зохиол лугаа нийтийн хүртээл болжээ. Мөн Ф.Шиллер, М.Лермонтов, О.Бальзак, Ш.Петеефи, В.Маяковский нарын дэлхийн шилдэг зохиолч яруу найрагчдын шүлэг зохиолыг эх хэлнээ орчуулжээ. Дамдинсүрэн Чингисийн чулууны бичээс, Гүюүг хааны тамгын бичиг, Мөнх хааны хөшөөний бичээс, дөрвөлжин үсгийн дурсгал, Ил хаадын өргөсөн бичиг зэрэг дурсгалуудыг судлан Монголын бичиг үсгийн түүхийн тоймыг гаргажээ. Тэрээр 13-18 дугаар зууны Энэтхэг, Төвдийн сонгодог зохиолуудыг Монгол хэлнээ орчуулжээ.

 

 

Ц.Дамдинсүрэн Халхын Лувсанпэрэнлэй, Өөлдийн Намхайжамц, Цахарын Лувсанчүлтэм, Боржигон Равжаа хийгээд Чойжи Одсэр, Шаравсэнгэ, Сономгарва, Гэлэгжамц нарын орчуулагчдын бүтээл, Ишбалжир, Агваандорж, Жамьянгарав нарын шүлэг бүтээлүүдийг нарийвлан судалжээ. Мөн Нагаржунайн "Рашааны дусал", "Таван шастир" үлгэрийн цоморлиг, "Шидэт хүүрийн үлгэр", "Субашид"-ын тайлбар зэрэг зохиолыг нягтлан үзээд, Монгол болон дорно дахины уран зохиолын харилцаа холбоо, хамаарлыг хөгжлийн түүхийг гарган тавьжээ.

 

Ц.Дамдинсүрэн Орос, Герман, Англи, Манж, Төвд хэлний боловсролтой байсан нь гадаад, дотоодын утга зохиол хийгээд онол түүхийн аль ч талаас нь судлах бололцоог олгосон байна.

 

Ц.Дамдинсүрэнгийн  "Зугаацахаар мордсон нь" хэмээх 6 мөчлөг бүхий шүлэг нь түүний яруу найргийн гол бүтээл нь юм. Ц.Дамдинсүрэн 1927-1929, 1940-1946 онд "Үнэн" сонинд ажиллаж үүний зэрэгцээгээр өгүүлэл найруулал нийтлэл тэмдэглэл, шог өгүүллэг зэрэг сэтгүүл зүйн бараг бүх төрлүүдээр бүтээлээ туурвисан байдаг. 

1951 онд БНМАУ -ын төрийн дууллын шүлэгээрээ Чойбалсангийн нэрэмжит шагнал авч байжээ. 

Дамдинсүрэн Цэндийн
Цэндийн Дамдинсүрэн
Эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн