Д
Дамдинсүрэн Манлай баатар
Дамдинсүрэн Манлай баатар

 

Богд Хаант Монгол Улсын Манлай Баатар Жамсраны Дамдинсүрэн (1871.3.13-1920). Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг Монголын тусгаар тогт­нолын төлөө тэмцэгч, цэргийн зүтгэлтэн Ж.Дамдинсүрэн Хөлөнбуйрын барга хошуунд 1871 оны шороон гахай жилийн хаврын илүү тэргүүн сарын шинийн арван дөрвөнд буюу гуравдугаар сарын 13 –ны өдөр мэндэлжээ.

 

Тэрбээр бичиг үсэгт эрт тайлагдсан нэгэн байсан тул 16 настайгаасаа хошууны тал бичээч улмаар хошуу зангийн албыг хашиж байсан аж. Монголд эрх чөлөөний хөдөлгөөн үүсэхэд (1911-1912) хошуу занги тэрхүү хөдөлгөөнд идэвхийлэн оролцсон төдийгүй баруун хязгаар, Ховдыг чөлөөлөх байлдааныг Хатанбаатар Магсаржавын хамт чадамгай удирдсан тул манлай баатар цолоор шагнуулсан байна.

 

Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Дамдинсүрэн Нийслэл хүрээнд ирж удалгүй Гадаад яамны дэд сайдаар томилогдон ажиллаж байжээ. Ардын хувьсгал ялахын өмнөхөн буюу 1920 оны намар Хятадын цэргийн эрх баригчид Дамдинсүрэнг нөхдийнх нь хамт баривчлан хүнд эрүү шүүлт тулган байцаасан авч ганц ч өчиг авч чадаагүй гэдэг.

 

Үүндээ хорссон гамингууд түүнийг хэдэн сарын турш харанхуй гянданд хорьж, өдөр шөнөгүй тамлан зовоож хороожээ. Манлай баатар амь тасрах үедээ хамт хоригдож байсан нөхөддөө” Би хятадын харгисуудын дэргэд хэвтээгээрээ үхэхгүй, босоогоороо үхнэ” гээд гяндангийн хана түшин нас эцэслэсэн аж

Дамдинсүрэн Манлай баатар
Манлай баатар Жамсраны Дамдинсүрэн