Д
Дамдинсүрэн Билэгийн
Дамдинсүрэн Билэгийн

 

Билэгийн Дамдинсүрэн (1919-1992 оны 1 сарын 12) нь Монголын нэрт хөгжмийн зохиолч юм. 1919 онд өнөөгийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг "Тариалант" гэдэг газар мэндэлжээ. 1924-1928 онд Гандантэгчэнлин хийдэд шавилан сууж, 1928-1931 онд хорооны бага сургуульд суралцаж төгсөөд, 1931-1934 онд Монгол техник нэвтрүүлэхэд ажилчин, 1935 оноос Улсын Төв Театрт хөгжимчин, 1941-1954 онд Улсын төв театрт хөгжмийн удирдаач, 1954-1956 онд Ленинград хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан (багш нь О.С.Чишко) байна.

 

1955-1956 онд шоронд сууж 1956-1957 онд Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1957-1958 онд Улсын хөгжимт драматик театрт уран сайхны удирдагч, 1958-1962 онд Бээжин хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид (багш нь Жан Дэн Шан) суралцан төгссөн. 1962-1981 онд Улсын дуурь бүжгийн театрт хөгжмийн зохиолч, найруулагч, 1981-1982 онд Дорнод аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1983 оноос "Монгол кино" үйлдвэрийн хөгжмийн ерөнхий редактор зэрэг ажил үүрэг гүйцэтгэж байжээ.

1992 оны 1-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод таалал төгсчээ.

 

1949 онд "Ийм нэгэн хаан байжээ" жүжиг туурвисан учир БНМАУ-ын төрийн шагнал хүртсэн, 1951 онд БНМАУ-ын Төрийн дуулал туурвисан учир БНМАУ-ын Төрийн шагналыг 2 дахь удаагаа хүртэж, 1969 онд БНМАУ-ын ардын жүжигчин болжээ. Шинэ Монголын хөгжмийн урлагийн тулгын чулууг тавилцаж, Монгол хөгжимд дуурийн урлагийг үндэслэн хөгжүүлж эрийн цээнд хүргэсэн авъяас билэгт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн уран бүтээл Монголын хөгжмийн урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх нь дамжиггүй.

 

Бүтээлүүд:

 

Дуурь:

 

  • Учиртай гурван толгой (Цомнолыг Д.Нацагдорж) 1942 он
  • Жаргалын зам (Цомнолыг Ч.Чимид, Ч.Ойдов) 1952 он
  • Тэмцэл (Цомнолыг Д.Намдаг) 1965 он
  • Амарсанаа (Цомнолыг Д.Намдаг. С.Дашдооров) 1970 он
  • Мартагдашгүй 42 хоног 1974 он

Бүжгэн жүжиг:

 

  • Шуурга, 1 бүлэгт 1963 он
  • Нуурын домог 1968 он

Симфони:

 

  • "Хасбаатар" симфони найраглал 1962 он
  • "Миний эх орон" симфони удиртгал 1965 он

 

Цөөхүүл хөгжим:

 

  • "Хэнтийи өндөр ууланд" хийлийн гоцлол 1947 он
  • Виолончель төгөлдөр хуурын аяз 1955 он

 

Хөгжимт жүжиг:

 

  • Шарай голын гурван хаан
  • Мандухай цэцэн хатан
  • Жаргалыг хүссэн Мөнхөө
  • Ийм нэгэн хаан байжээ
  • Амарсанаа
  • Далан худалч
  • Талын баатар

 

Киноны хөгжим:

 

  • Цогт тайж (Б.Смирновын хамт) уран сайхны кино 1945
  • "Говь Хянганд тулалдсан нь" уран сайхны кино 1981 он
  • "Ацаг шүдний зөрөө" уран сайхны кино 1985 он

 

Дуу:

 

  • "БНМАУ-ын Төрийн дуулал" (Л.Мөрдоржийн хамт)
  • "Монгол нутаг"
  • "Сүхбаатарын туг"
  • "Ардын намын туг"
  • "Энхтайвны төлөө эхийн дуу" зэрэг 40 орчим дуу
Дамдинсүрэн Билэгийн
Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн нэрт зохиолч Б.Дамдинсүрэн
Билгийн Дамдинсүрэн 1948 он