Дамбийжанцан

 

 

Төв Азийн өргөн уудам нутгаас нууц далд увидас чадлаар олон түмнээ удирдан дагуулсан жигтэй хүмүүс олон гарч байжээ. Тэдний нэг нь Ойрадын жанжин Амарсанаагийн хойт дүр хэмээн өөрийгөө өргөмжлөн гарч ирсэн Дамбийжанцан буюу Жа лам юм. Энэ хүн 1911-1912 оны Монголын үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөнд нэлээд оролцож Монголын төлөө тэмцэгч нэгэн байв. Түүний амьдрал нууцаар дүүрэн, хаанаас ирсэн, юу санаж сэдэж явсан нь оньсого шиг гэж хэлж болох юм.. Тэрээр 1890-ээд оноос Хаант Орос улсын харъяа Халимагаас Оросын Эзэн хааны зарлигаар Ар Монголыг тагнахаар ирсэн бөгөөд хожим Эзэн хааныхаа зарлигыг зөрчин Монгол улсын эрх ашгийн төлөө зүтгэсэн нь түүнийг Монгол цустай, Монголоо гэсэн сэтгэлтэй хүн байсныг харуулж байна. Дамбийжанцан Халхын Засагт хан аймгийн нутаг,  Дөрвөдийн зүүн баруун хоёр аймгийн нутагт “Жа багш” хэмээн алдаршсан нэгэн.

 

Дамбийжанцан нь Ховд хотыг чөлөөлөх дайнд Хатанбаатар бэйл Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар нарын хүсэлтээр өөрийн 500 орчим цэргийг удирдан оролцож гарамгай гавъяа байгуулсан билээ. Түүний байгуулсан гавъяаг Богд Жибзундамба хутагтаас “Их Монголын Зарлигаар өргөмжлөсөн баруун хязгаарын олон Монгол аймгийг дагуулан тохинуулах сайд Эрдэнэ бишрэлт үнэн хүчин төгөлдөр номун хан ноён хутагт” хэмээх цолыг өндөр хишгийн хамт хүртээсэн төдийгүй, Монгол Улсын Засгийн газраас Дамбийжанцанд шавь хошуу байгуулан өгч, тамгыг цутган өгчээ. 

 

Тэрбээр Богд хаант Монгол Улсын тулгар төрд зүтгэхдээ Монгол Улсын  гол бодлого болох Нэгдсэн Монгол Улс байгуулах явдлыг хэрэгжүүлэх үүднээс хилийн чанад дахь Монгол аймгийн чухам чуулганы тэргүүнүүдэд бичиг захидал явуулан, Богд хаант Монгол Улсад дагаар орж, шинээр тамгыг цутгуулахыг ухуулж байжээ. Сайд ноён хутагт Дамбийжанцан шавь хошууг байгуулсныхаа дараагаар  Дэчинровжалин хийдийг шинэчлэн байгуулж, Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийн лам хувраг нарыг цуглуулан, Баруун хязгаарт шашин суртлыг шинэтгэн сэргээхийг зорилго болгохын сацуу Богд эзэн хааны түмэн өлзийг батжуулахаар ном уншуулж залбирал үйлтгүүлж байжээ. 

 

Сайд ноён хутагт Дамбийжанцанг харгис хэрцгий, алан хядагч байсан хэмээн үзэх нь тун буруу ойлголт юм. Дамбийжанцан хэрмэл тэнэмэл дээрэмчдийг өөртөө итгүүлэн нэгтгэсэн нь тэдгээр дээрэмчдийн хэрмэл тэнэмэл явдлаас энгийн олон ардыг сэргийлэн хамгаалсан хэрэг болсон байх магадлалтай. Өөрт нэгдэн орсон тэдгээр дээрэмчдийг тогтоон барихын тулд дэглэм тогтоож, дэглэмийг үл зөвшөөрснийг нь харгисладаг байжээ. Баруун хязгаарт удаа дараацан халдлага үйлдэж баруун хязгаарын ард олныг түйвээн эд хөрөнгө, эмс охидыг дээрэмдэгч Хасгуудыг Дамбийжанцан удаа дараа даран сөнөөж байжээ. Үүнээс улбаалан Баруун хязгаарын нутаг болох Засагт хан аймаг, Дөрвөдийн зүүн баруун хоёр аймгийн ард олон түүнийг Жа багш хэмээн хүндэтгэх болсон юм.

 

Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он буюу 1914 онд Монгол улсаас санаа урваж Оросын хязгаарт оргон очсон Хасгуудыг хүчээр хураах хэрэгт томилон гаргасан хэмээх гурван орос түшмэл тавин цэрэгтэй ирсэн бөгөөд тэдэнд гэр хэрэглэл, морины тэжээл өвс зэрэг зүйлийг Монголын талаас нийлүүлэн өгсний маргааш нь дахин хоёр орос түшмэл зуун цэрэгтэй нэмэн ирээд Сайд номун хан ноён хутагт лугаа уулзаж зөвлөн шийтгэх албаны хэрэг буй хэмээн хэлж Хатанбаатар Магсаржавын хамтаар мордоод, сайд хутагтын суусан газарт очмогцоо гэнэт хүрээлэн бүслэж сайд хутагтыг Оросын  хааны зарлигаар баривчилах болсноо мэдэгджээ. Дамбийжанцан Оросд баригдсаны дараа түүний нэрийг барьж ашиг хонжоо олохыг санаархсан хэргүүд удаа дараа гарч байсныг архивын баримтууд нотлож байна.

 

Дамбийжанцан Томскт жил хэртэй хоригдож байгаад Якут руу цөлөгджээ. Тэндээс Астраханд хүргэгдээд 1918 он хүртэл хоригджээ. 1917-1918 оны хувьсгалын үеэр суллагдаад, Сэлэнгээр буюу тухайн үеийн Засагт хан аймгийн Ахай бэйс Цэдэндоржийн хошууны нутгаар Монголд орж иржээ. Хуучин дагалдагсад нь түүнийг талархан угтаж авлаа. Түүний нөхөр, туслагч байсан Жалханз хутагт түүнтэй Улиастайд уулзаад, Монголын баруун өмнөд хязгаарт байсан орлогч асан Жалцан бэйсийнд (Засагт хан аймгийн чуулган дарга Дайчин засаг хошууны бэйс Жалчингомбодорж) хүргэж өгчээ. Дайчин бэйс Жалчингомбодорж урдын багш шавь барилдсан ёсыг санан Дамбийжанцанд шавийн ёсоор хандаж, хоол унд, гэр хэрэглэл гарган өгчээ.

 

Тэрбээр Монголын баруун өмнө хилийн ойролцоо Маажинсан уулын Цонжит толгойн булаг буюу Гонфожан хэмээх газар суурин байгуулж замын хүмүүсийн ачаа хөсгийг дээрэмдэх болжээ. Тэр үед Монголын Засгийн газраас  аймаг, их шавь, Ховд, Улиастай, Хиагтын эрх баригчдад  “Дамбийжанцанг хуучин удаагаар хүндэтгэн хэрэглэж үл болохоос гадна ийн тушаасан хойно” зөрчиж үл болохыг мэдэгджээ. Энэ тухай Дамбийжанцан сонсож өөрийнх нь үйл хэрэг буруудахад хүрч болзошгүйг түргэн ухаарч хэсэг зуур жирийн байдлаар гэмгүй суух болсон байна. Ардын хувьсгалын дараа Ардын Түр Засгийн Газар 1921 оны 4 дүгээр сарын 6- нд  Дамбийжанцанд хүргүүлэх тусгай бичгийг үйлдэж түшмэл Хасбаатар нараар илгээсэн байна. Уг бичигт, Дамбийжанцанг баруун хязгаарын Монголчуудыг хамгаалан тохинуулах их түшмэлийн тушаалд тохоон тавьсныг мэдэгдэж, баруун хязгаарын цэргийг захирах жанжны яам байгуулж хамаарсан нутгийн харьяат нарын залуу идэр эрчүүдээс сонгон суулгаад дотоодын аливаа хэргийг цэргийн хуулиар таслах боловч басхүү ард олны амийг дэмий дуусгахгүй өөрийн амь мэт хайрлан өршөөвөөс зохих бөгөөд зодож занчих зэрэг хүнд эрүүгээр ард олныг зовоохгүй байхыг онцлон анхааруулжээ. Мөн түүнчлэн Ардын Түр Засгийн Газраас Дамбийжанцанд түмэн ардын зовлон зүдгүүрийг аль болохоор хамгаалан амар жаргалангийн үйлсэд зүй зохисоор жолоодон, Дөрвөд, Засагт хан, Тагна, Урианхайн аймгуудаас цэрэг дайчлан элсүүлж баруун хязгаар дахь олон Монголчуудыг боолчлон дарлаж бүхий цагаан Орос болон оршин суугаа гамин иргэдийг шүүрдэн сөнөөж цэвэрлэн газар орон юугаан амар тайван болгохын төлөө чармайн хичээхийг тушаасан байдаг. Ардын Түр Засгийн Газраас хүргүүлсэн уг бичгийг Дамбийжанцан хүлээн аваад хариу өгсөн эсэх нь тодорхойгүй боловч тэрбээр Ардын хувьсгалыг талархан угтаагүй нь мэдээж биз ээ. Харин Улиастайн сайд Ламжаваас Намын Төв хороонд бичсэн захидлаас үзвэл Дамбийжанцан Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч “найрлын гэрээ” гэгчийг байгуулах аястай байжээ.
Гэвч түүний балмад харгис үйлдэл, зальхай зан, шунаг сувдагт Монголчууд нийтээрээ дургүй байсны сацуу тэрбээр өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх бололцоо олдвол баруун Монголд бяцхан боловч хаант улс байгуулж өөрөө эзэн суух гэсэн олон жилийн санаархлаа огт орхиогүй бөгөөд хязгаарын хэд хэдэн хошууны ардаас өөртөө шавь болгож Ганьсу мужид дагаар орсон нь Ардын засгийн бодлоготой илтэд сөргөлцөх болсныг харуулдаг. Түүний энэхүү үйлдэлд эгдүүцсэн Ардын засгийн газрын шийдвэрээр Дотоодыг Хамгаалах Газрын дарга Д.Балдандоржоор удирдуулсан тусгай хүмүүс болох цэргийн дарга Нэрингийн  Дугаржав, Дамирангийн Нанзад, бага даргын сургуулийн цэрэг Даш хэмээн алдаршсан Дашзэгвэ, цэрэг Дамдингийн Содномдаржаа, Манинбуугийн Лувсандамба, дуугүй хэмээх цэрэг Даваа нарыг илгээж Дамбийжанцанг цаазаар аваачжээ.

Дамбийжанцан
Дамбийжанцан
Зүүн гараас: Дөрвөд Далай хан Түмэндэлгэржав, Наваанцэрэн бэйл, Жалханз хутагт Дамдинбазар, Догшин ноён хутагт Дамбийжанцан, Улаангомын чин ван, сүүлдээ Зоригт хан гэгдэх болсон Содномжамцой. 1912 оны 8 сар