Д
Далайд гарцгүй улс орон
Далайд гарцгүй улс орон

 

 

Өдгөө далайд гарцгүй, зөвхөн газраар хиллэдэг 44 улс байна. Эдгээрээс 16 улс Африк тивд, 14 уос Европ тивд, 12 улс Ази тивд, 2 улс Өмнөд Америк тивд байгаа аж. Мөн далайд гарцгүй улстай хиллэх төдийгүй өөрөө далайд гарцгүй Лихтенштейн, Узбекистан гэх 2 улс байдаг. Түүнчлэн эргэн тойрон ганц улсаар хүрээлэгдсэн Ватикан, Сан-Марино, Лесото гэх 3 улс, хоёр улсаар хүрээлэгдсэн Андорра, Балба, Бутан, Молдав, Монгол, Лихтенштейн, Свазиленд гэх 7 улс байдаг.

 

85 сая хүн амтай (2009 оны байдлаар) Этиоп хамгийн их хүн амтай далайд гарцгүй улс бол, Уганда (32,4 сая), Балба (29,3 сая), Узбекистан (28,6 сая) зэрэг улсууд хорин саяаас илүү хүн амтай ажээ. Далайд гарцгүй орнуудаас Казахстан (2 724 900 км²) хамгийн том нутаг дэвсгэртэй бол Монгол (1 566 500 км²), Чад (1 284 000 км²), Нигер (1 276 000 км²), Мали (1 240 000 км²), Этиоп (1 104 300 км²), Боливи (1 098 581 км²) улсууд сая км²-аас том нутаг дэвсгэртэй.

 

Далайд гарцгүй улс орнуудын жагсаалт :

 

Ази тив

  • Азербайжан
  • Армен
  • Афганистан
  • Балба
  • Бутан
  • Казахстан
  • Кыргызстан
  • Лаос
  • Монгол
  • Тажикистан
  • Туркменистан
  • Узбекистан

Африк тивд

  • Ботсвана
  • Буркина
  • Фасо
  • Бурунди
  • Замби
  • Зимбабве
  • Лесото
  • Малави
  • Мали
  • Нигер
  • Өмнөд Судан
  • Руанда
  • Свазиленд
  • Уганда
  • Төв Африкийн БНУ
  • Чад
  • Этиоп

Европ тивд

  • Австри
  • Андорра
  • Беларусь
  • Ватикан
  • Косово - бүрэн эрхт бус, заримдаг хүлээн зөвшөөрөгдсөн
  • Лихтенштейн
  • Люксембург
  • Македон
  • Молдав
  • Сан Марино
  • Серби
  • Словак
  • Унгар
  • Чех
  • Швейцарь

Өмнөд Америк

  • Боливи
  • Парагвай

 

Түүх

 

Газарзүйн хувьд далайд гарцгүй улс ашиггүй гэгдэж ирсэн. Учир нь далайд гарцгүй улсын хувьд загас агнуур зэрэг далайн баялгийг ашигладаг салбарууд болон гадаад худалдаанд чухал байр суурь эзэлдэг далайн тээвэр эрхлэн явуулах боломжгүй байдаг. Хүн төрөлхтөн далайн эрэг орчмын газар нутгуудад төвлөрч амьдрах хандлагатай байдгаас далайд гарцгүй улс орнуудын дийлэнхи нь хүн ам цөөнтэй байдаг. Иймээс улс орнууд далайд гарцтай болохын тулд өөр хоорондоо тэмцэлдэж, элдэв арга зам эрэлхийлж иржээ. Тухайлбал:

  • Конгын олон улсын зөвлөл буюу одоогийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нь 1885 онд Берлиний хурлаар далайд гарцтай болохын тулд Анголын газар нутгийг 2 хэсэгт хуваах нарийн хэсэг газрыг авсан.
  • Дэлхийн нэгдүгээр дайны дараа Польшийг далайд гарцтай болгохын тулд Данцигийг Польшид шилжүүлжээ.
  • Дунай мөрөн нь Австри, Унгар улсуудыг далайд аюулгүй гарцтай болгохын тулд олон улсын гол болгосон.
  • Боливи улс 19-р зууны Номхон далайн дайны үр дүнд цорын ганц гарцаа Чили улсад алджээ. Гэхдээ Боливийн тэнгисийн цэргүүд одоог хүртэл Титикака нуурт бэлтгэл хийдэг байна. Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө Унгар улс нь өөрийн харьяаны Хорватын автономит эрхийг хүлээн зөвшөөрсөн ч Адриатын тэнгисийн эрэг дэх Фиум хотыг өөрийн шууд харьяанд байлгаж, Будапештээс томилогдсон захирагч захиран, тус улсын цорын ганц боомтын хувиар ашигладаг байв. Трианоны гэрээгээр тус хотыг Хорватад шилжүүлснээр Унгар нь далайд гарцгүй болжээ.
  • Эритрей, Монтенегрогийн тусгаар тогтнол нь Этиоп, Сербийн хувьд далай дахь гарцаа алдсан үйл явдал болжээ.
  • Орос улс нь Умард мөсөн далайд л гарцтай байсан бөгөөд өвөл хөлдөж, тээвэр хийх боломжгүй болдог байсан тул газар нутгаа Балтын тэнгис, Хар тэнгис, Номхон далай хүртэл тэлсэн билээ.

 

Далайд гарцгүй улсад үзүүлэх хөнгөлөлт

 

Далайн хуулийн тухай НҮБ-ийн конвенц ёсоор далайд гарцгүй улсууд бусад улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх татвар төлөлгүйгээр далайд гарах эрхтэй байдаг. Мөн НҮБ нь хөгжиж буй далайд гарцгүй орнуудад үзүүлэх тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг.

 

Далайд гарцгүй шахуу улс

 

  • Ирак Ал-Фау хойгоор Персийн булан руу - 58км
  • Словени Копероор Адриатын тэнгис рүү - 47км
  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Атлантын далай руу - 40км
  • Босни болон Херцеговина Неумаар Адриатын тэнгис рүү - 26км
  • Йордан Акабагаар Акабагийн булан, Улаан тэнгис рүү - 26км
Далайд гарцгүй улс орон
Далайд гарцгүй улс орнуудыг ногооноор тэмдэглэв