Д
Дагуур цагаан Суль
Дагуур цагаан Суль

 

Дагуур цагаан Суль Elymus Dahuricus. 4 үетэй, 60-аас 120 см хүртэл өндөр, үндэс орчмын үенээсээ огцом тахийж гараад төдөлгүй эгцэрсэн гөлгөр иштэй, сийрэг бутаар ургадаг, хуурайсаг-чийгсүү, олон наст үетэн. Навчны угларга үсгүй, хэлхэгэр, навчны хэлэнцэр сарьслаг, бүтэн, 1мм урт, навчны илтэс хавтгай, шөвгөрхүү шугаман хэлбэртэй, 18-32см урт, 4-12 мм өргөн, өвөр талдаа сийрэг богино үстэй, эсвэл ширүү, ар тал гөлгөр. Түрүү нилээд нягт, 9-18см урт, босоо, 5,5мм өргөн, түрүүхэйдээ 3-4 цэцэгтэй. Цэцгийн доод хайрс бүхэлдээ ширүүвтэр, үзүүртээ 7-40мм урт сортой. 1000 үрийн жин 2,69-5,24 гр. Нэг бутны хуурай ургац 28,7г байна. 4 дүгээр сарын сүүлээр сэргэн ургаж, 7-р сард цэцэглэж, 8-р сард үрлэнэ. Ургах хугацаа 120-125 хоног.

 

Хөвсгөл, Хэнтий, Говь-Алтай, Их нуурууд, Монгол Дагуур, Хянган, Ховд, Дорнод Монгол. Эргийн хужирлаг нуга болон хайр, дэрстэй хөндий, сөөгөн ширэнгэ, ойн цоорхой, тариан талбайн зах, атаршуулж орхисон газар, зам дагуу ургана. Түрүүлэх хүртэл адуу, үхэр, хонь, ямаа маш дуртай иддэг. Тэжээллэг чанараар сайн. Цэцэглэх үеийн хуурай бодис 7,09-8,09% протейн, 29- 25,1% агуулагдана. 1кг өвс 9,1MJ солилцлын энерги, 57-65г протейнтой. Элэгдэлд орсон хөрсийг нөхөн сэргээх, таримал бэлчээр, хадлан бий болгох, нэн ялангуяа услалтын системтэй газар тарьж өвс бэлтгэхэд тохиромжтой. 1980-аад онд Увс аймгийн Хархираагийн Тариалангийн аж ахуйд тариалж услаж, бордсоноор 80ц/га өвсний ургац авсан удаатай. Мөн хот зүлэгжүүлэхэд тохиромжтой ургамал.

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Өндөр цагаан Суль

2. Холимог цагаан Суль

3. Нангиад цагаан Суль

4. Цагаан Суль

5. Хар Суль

Дагуур цагаан Суль
Дагуур цагаан Суль