Дагуур зараа

 

Дагуур зараа. Латинаар: Mesechinus dauuricus (Carl Jakob Sundevall, 1842) нь Зарааны баг (Erinaceomorpha)Зарааныхан (Erinaceidae) овгийн  Mesechinus- ийн төрөлд багтах богино өргөстэй жижиг зараа бөгөөд уг зүйл ганцаар амьдардаг. Орос, Монгол, Хятадын хойд хэсгийн нутгаар тархжээ. Монгол орны зүүн умард нутгийн тал, ойт хээр, хээр Их Хянганы нурууны Халх голын сав, Хангайн нурууны зүүн хойд нутгийг дайран урсдаг Орхон, Сэлэнгэ голын сав, Монгол Дагуурын Хээр, Дорнод Монгол хээрт таарна. Нас гүйцсэн дагуур зараа 19-29 см урт, сүүл нь 25-37 мм урт, чих нь 29-34 мм, жин нь улирлаасаа хамаарч 600 гр-1,4 кг хүртэл жинтэй байдаг. Цайвар шаргал, цайвар бор болон бараан саарал зүстэй. Төрөл бүрийн хорхой шавьж, жижиг мэрэгчид, могой, мэлхий, бах, зарим төрлийн жимсээр хоололно. 

 

Хүйтэн бүсийн бусад зарааны адил өвлийн улиралд ичдэг. Орон нутагт уламжлалт анагаах ухаанд ашиглах зорилгоор агнадаг. Ашигт малтмалын олборлолт, уул уурхайн үйл ажиллагаанаас орчны хомсдол нүүрлэсний зэрэгцээ малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн талхлалт орчны доройтлыг бий болгож байгаа нь Дагуур зарааны өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн хатуу хучилттай зам дээр машин тэргэнд дайруулан осолдох нь элбэг. Зарим эрдэмтэд дагуур зарааг Hemiechinus төрөлд ангилж үздэг.

 

5 сарын дунд үеэс ороо нь ороход 10 -15 хоног үргэлжилж эмэгчин нь бусдын орхисон үүрийг цэвэрлэж, томсгож засч бэлдэнэ. Үүр нь ойролцоогоор 50-120 см урт, 11-19 см өргөн, 7-12 см өндөр байна. Зулзагаа байрлуулах хонгил нь 13-30 см гүн. Хээл авсанаас 37-40 хоногийн дараа буюу 6 сарын сүүүлээр 1-8 бөмбүүлэй гарна. Богино хугацаанд өсч бойжих бөгөөд найман сарын эхээр бие даан амьдрах чадвартай болно. Эрэгчин зулзага 10-11 сарын дараа нас бие гүйцэх хэдий ч ойролцоогоор 22 сартай байх үеэс үржилд ордог. Байгальд 4-6 жил, тэжээвэр нь 7-8 насалдаг.

 

Намрын сүүлээр тарга тэвээр авч 9 сарын сүүл 10 сарын эхээр ичнэ. Дагуур зараа 200-245 хоног ичих бөгөөд биеийн жингийн 30% илүүг энэ хугацаанд алддаг. 4 сарын сүүлээр ичээнээсээ гарна. 

Дагуур зараа
Дагуур зараа