Д
Дагуур Тайжийн жинс
Дагуур Тайжийн жинс

 

 

Дагуур Тайжийн жинс. Латинаар: Echinops dahurica L. нь Нийлмэл цэцэгтэн (Compositae) овогт багтана. 40-60 см өндөр, бүдүүн ноёлог үндэснээс гарсан, дан буюу салаалсан, цайвар хөвсгөр үслэг иштэй, олон наст өвслөг ургамал. Навч нь зүү маягийн өргөслөг ирмэг бүхий олон салбангуудад өдлөн сэтлэгсэн, уртавтар юлдэн хэлбэртэй. Навчны илтсийн доод тал нь үслэг эдээр мөнгөлөг цагаан болтлоо битүү бүрхэгдсэн, дээд тал нь бор ногоон өнгөтэй, ишиндээ цуварч байрласан байна.

 

Хөх цэнхэр өнгийн том бөмбөлөг хэлбэртэй сагс цэцэгтэй. Цоморлиг нь нисгүүр маягтай, дэлбээ нь ихэвчлэн цайвар хөх өнгөтэй байдаг. Самранцар үр жимстэй, Цоморлигийн илтэс нь нисгүүртэй бөгөөд 6 сараас эхлэн цэцэглэж 9 сард үрлэдэг.

 

Монгол орны Хөвсгөл, Булган, Говь-Алтай, Хэнтий, Архангай, Сэлэнгэ аймгийн ойт хээр, хээрийн бүсэд өргөн тархсан. Тайжийн жинсний үрэнд эхинопсин алкалоид 1% аам багагүй, цэцгэнд 0,1% эфирийн тос, өөх тос 26-30% хүртэл тус тус агуулагддаг. 

Тайжийн жинсний үр жимс - Fructus Echinopsis нь оройн хэсгээр 2 мм орчим голчтой, уртассан өндөг хэлбэрийн 7-9 мм хэмжээтэй, хүрэн өнгийн үслэгээр хучигдмал боловсорч гүйцсэн бөөрөнхий хэлбэртэй үр жимсээс бүрддэг. Түүхий эдийн дотор боловсорч гүйцсэн үр жимс 90% дээш байх ёстой.

Уг ургамлын өвс нь нугасны рефлексийн сэрэх чанарыг дээшлүүлэх, араг ясны булчингийн агшилтыг нэмэгдүүлэх, биеийн ерөнхий тамир тэнхээ сайжруулах бөгөөд стрихнинтэй төстэй үйлдэл бүхий Echinopsini nitras гарган авах үндсэн түүхий эд болдог.

Орчин үед анагаах ухаанд эхинпсин алкалоидыг булчингийн ба захын мэдрэлийн саажилт, гуурсан хоолойн багтраа өвчин, зүрхний шигдээс, даралт ихсэх үед хэрэглэхийг хатуу хориглодог. Дорно дахины анагаах ухаанд тайжийн жинснээс ханд бэлтгэн уушигны үрэвсэл, цус алдалт, хөхний хавдар, арьсны өвчин, хоол боловсруулах замын өвчний үед өргөн хэрэглэдэг.

Дагуур Тайжийн жинс
Дагуур Тайжийн жинс