Д
Даажав Банзрагчийн
Даажав Банзрагчийн

 

Н.Банзрагч овогтой Даажав нь 1933 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ Вангийн хошууны Шавийн отогийн нутагт, өнөөгийн Дархан аймгийн Дүрс нарс хэмээх газар мэндэлжээ. 1954 оноос тэр үеийн цахилгаан сантехникийн трессд сантехникийн слесариар ажиллаж эхэлжээ. 1956 онд Улсын барилгын зураг төслийн газарт сантехникийн зургийн техник, сантехникийн хэсгийн ахлагчаар ажиллаж, тухайн үеийн улсын хэмжээний барилгын сантехникийн гадна дотор шугам сүлжээний зураг төсөлд мэргэжлийн хяналт тавихын зэрэгцээ сантекникийн ажлын зураг төслийг гүйцэтгэж байжээ.

 

Сайд нарын 2-р эмнэлгийн бактер шинжилгээний институтын байр, Цацраг идэвхт эмнэлгийн байр, 48, 54, 84-н айлын орон сууц, Улаанбаатар зочид буудал, Ноос угаах фабрик, Архи пиво үйлдвэрийн шил угаах цех зэрэг барилгын дотор сантехникийн иж бүрэн зураг төсөл,  үлгэрчилсэн болон  хэсэгчилсэн цомог зургийн хамт гүйцэтгэжээ.

 

1960 онд МУИС-д оройгоор сурч байгаад МУИС-ийн дэргэд Иргэний үйлдвэрийн инженерийн анги нээгдэхэд өдрийн ангид шилжин орж 1964 онд иргэний барилгын инженер мэргэжил эзэмшжээ. 1964 оноос МУИС-н Барилгын инженерийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж Политехникийн дээд сургууль байгуулагдахад Архитектурын мэргэжлээр анги нээж ажиллуулах бэлтгэл ажлыг хангасан. Багшлахын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж 1965 оноос 1971 онд Монголд байсан хүрээ хийд, эртний хот суурингийн туурь, дурсгалуудыг судлах зорилгоор 5 удаа шинжилгээний аялал зохион 1981 онд “Монгол гэрийг үүсгэгч харьцааны хуульчлал Монгол уран барилгын  үндэс юм“ нэг сэдэвт бүтээлээр докторын зэрэг хамгаалжээ.

 

1986 онд дэд профессор цол хүртэв. Энэ үеэс хөнгөн хийцтэй зөөврийн сууц, Нарны эрчим хүчээр ажиллах хүнсний жижиг үйлдвэр, орон сууцны барилгын зураг төслийг багш Намсрай, Эрдэнэхүү нарын хамтаар гүйцэтгэж ЗХУ-ын (хуучнаар) Бүх холбоотын үзэсгэлэнгийн (ВДНК) шагналт байранд оржээ. 1990 онд байгуулагдсан Монголын соёл урлагийн хүрээлэнгийн ардын урлагийн хэсгийн эрхлэгчээр ажиллаж Улаанбаатарыг Үндэсний хэлбэртэй хот болгох үйлсэд зүтгэх болов. 1992 онд Хархорум Их сургуулийг байгуулахад оролцож хичээл сургалт эрхэлсэн орлогч захирал, 1993 оноос барилга хот төлөвлөлтийн хүрээлэнд архитектурын түүх - онолын тасгийн ахлагч, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллажээ. Тэрбээр барилга архитектруын чиглэлээр 18 ном, эрдэм шинжилгээний өгүүлэл 32 -ийг нийтлүүлжээ. Олон улсын Эрдэм шинжилгээний хуралд 4 удаа илтгэл тавьж хэлэлцүүлж. шинэ бүтээлийн гэрчилгээ хоёрыг эзэмшдэг. 

 

 

а. Б.Даажав, эцэг Ц.Банзрагч, ах Техникийн ухааны доктор Б.Гончигдорж,  б. Охин Д.Уянга, Б.Даажав, зээ К.Энэрээ, эхнэр П.Дулмаа

 

Барилгын зураг төсөл хийгээд дурсгалт барилгыг сэргээх зураг төслийн 8 ажлыг гүйцэтгэж, Монгол улсыг бүсчилэн хөгжүүлэх үйлс, Улаанбаатар хотыг шинэчлэн төлөвлөж хөгжүүлэх төслүүдэд зөвлөхөөр ажиллажээ.

 

Бүтээлүүд:

 

  • Б. Даажав “ Монголын уран барилгын түүх”. Эдмон: 2006. тэргүүн дэвтэр
  • Б. Даажав "Гэр Монголын архитектурын үндэс " Эдмон 2006. 
  • Б. Даажав "Монголчуудын нийсэлж байсан хотууд" ШУТИС.2007.
  • Б.Даажав " Монголын архитектурын түүх"  дэд дэвтэр. Эдмон. 2006
  • Б.Даажав " Их хүрээ" 2008
  • Б.Даажав " Эрдэнэзуу, Цогтын цагаан байшин". 2008
  • Б.Даажав "Монголын архитектурын түүх" гутгаар дэвтэр. 2006
  • Б.Даажав " Монголчуудын Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэн амьдархын учир" гурван дэвтэр. 2008
  • Б.Даажав " Оршихуйн тавилан" Эдмон. 2010
Даажав Банзрагчийн
Б.Даажав. 1952 он
а.Эрдэнэ зуугийн Лаврин хийдийн сэргээн засварлахаас өмнөх байдал. 1960 он б. Сэргээн засварласаны дараах байдал
Б.Даажавын бүтээл: Дамбадаржаалан хийдийн суврага
Б.Даажавын бүтээл