Гегель

 

Георг Вильгельм Фридрих Ге́гель (Германаар: Georg Wilhelm Friedrich Hegel) — Германы философч, германы сонгодог философи болон романтизмын философийг үндэслэгчдийн нэг.

 

Намтар: 

 

Гегель нь 1770 оны 8 сарын 27 нд Штутгард хотод өндөр тушаалын түшмэл Георг Людвиг Гегель (1733—1799)-ийн гэр бүлд  мэндэлжээ. 1788-1793 онд Тюбингений их сургуулийн дэргэдэх шашны институт (семинар),-т суралцаж философийн болоод шашин судлалын курсүүдийг сонсон магистерын диссертаци хамгаалсан. Өөрийн ангийнхнаасаа Шеллинг, Гельдерлин хоёртой ихэд дотно нөхөрлөн тэдний хамт Францийн хувьсгалын үзэл санааг сонирхогч оюутнуудын улс төрийн клубын гишүүн болжээ. Тэрээр:

  • 1793-1796 онд Берн хотод гэрийн багш
  • 1797-1800 онд Франкфурт Майнед гэрийн багш
  • 1799 онд эцгийнхээ нас барсны дараа шинжлэх ухааны талбарт ажиллах болсон. 
  • 1801-1805 онд Йений их сургуулийн доцент
  • 1805-1807 онд Йений их сургуулийн профессор
  • 1807 онд Бамбергэд сонины редактор
  • 1808-1816 онд Нюрнбергт сонгодог гимназийн захирал
  • 1811 онд Марии фон Тухертай гэрлэжээ
  • 1816-1818 онд Гейдльбергийн их сургуульд филосфийн профессор
  • 1818 онд Берлиний их сургуулийн философийн профессор
  • 1821 онд Эрхийн философийн үндэс номоо хэвлүүлсэн.Энэ үеэс түүний нэр хүнд Германдаа төдийгүй гадагшаа алдаршиж эхэлсэн.
  • 1830 онд Берлиний их сургуулийн  ректороор томилргдсон.
  • 1831 оны 11 сарын 14-нд  нас баржээ

 

Германы сонгодог идеалист философийн хөгжлийн хамгийн дээд шат, ноён оргил төгсгөл нь Гегелийн /1770-1831/ диалектик философийн үзэл болдог юм. Гегель бол 19-р зууны эхэн үеийн Германы хөрөнгөтөн ангийн үзэл сурталч, Пруссын феодалын эрх мэдэлтэнүүдтэй улс төрийн талаар эвлэрэх гэсэн хөрөнгөтний үхээнц бодлогыг философи сэтгэлгээгээр илэрхийлэгч идеалист философийн түүхэнд хамгийн том гарамгай төлөөлөгч байсан юм.

 

Георг Вильгельм Фридрих Гегелийн үзэл санаа

 

Гегелийн философийн сургаал нь сонгодог идеалист диалектикийн хөгжлийн дээд шат болдог. Өөрөөр хэлбэл: Гегель Марксын өмнөх үеийн философи сэтгэлгээний түүхэнд хамгийн том гарамгай төлөөлөгч гэж ордог юм. Гегелийн идеалист диалектик нь марксист материалист диалектик үүсэх онолын эх сурвалж болсон. Гегелийн философийг Маркс /Капитал / зохиолынхоо 1 ботийн хоёр дахь хэвлэлийн төгсгөлийн үгэндээ Гегелийн диалектик аргыг өөрийнхөө диалектик аргатай харьцуулан үзсэн байдаг. Тэгээд Гегелийн диалектик бол сэтгэхүйн хөгжлийн диалектик байдаг бол миний диалектик нь бодис үзэгдлийн хөгжлийн обьектив диалектик юм. Иймээс бид хоёрын диалектик бол эсрэг тэсрэг шинжтэй бөгөөд чухамдаа Гегелийн диалектик бол толгойгоороо хөлөө хийсэн диалектик юмаа гэж Маркс цохон тэмдэглэж байв.

Ф.Энгельс олон тооны зохиолууддаа Гегелийн ашигтай үр, түүний философийн идеалист хүнд суртлын системийг ялган салгаж шүүмжилж байлаа. "Гегелийн зохиол бүтээлүүдэд хөгжлийн тухай санаа нэвт шингэсэн байдаг. Үлгэрлэж хэлэхэд Гегелийн диалектик бол балар гүн ой, тороор халхагдсан гоо үзэсгэлэнт орд харш лугаа адил юм. Хэрвээ бид түүнд шатлан орвол одоо хүртэл үнэ цэнээ алдаагүй байгаа маш баялаг үнэт эрдэнэсийн сан хадгалагдаж байгааг олж харж болох юм" гэж Ф.Энгельс зааж байв.

Тэрчлэн В.И .Ленин (Философийн дэвтрүүд) болон бусад олон тооны зохиол бүтээлүүддээ Гегелийн диалектик аргыг өндөр үнэлж түүний дэвшилтэд зохиол бүтээлийг орчуулах, ашиглахыг зааж зөвлөж байсан юм. Гегель өөрийн өмнөх үеийн германы сонгодог философийн төлөөлөгчид болох Кант, Фихти, Шилинг нарийн философийн хандлагыг хамгийн тод, томруунаар нэгтгэн дүгнэж, идеалист диалектик аргаа боловсруулжээ.

Гегель олон тооны зохиол бүтээл туурвисны дотроос Локикийн ухаан /1812-1816 онуудад бичсэн / хэмээх зохиолдоо идеалист диалектик аргаа тал бүрээс нь боловсруулан бүтээсэн байна. Гегель бол обьектив идеалист байсан учир байгаль , нийгмийн үүсэл хөгжлийн анхдагч шалтгаан нь биегүй хүнээс салсан оюун ухаан ертөнцийн санаа юм гэж үздэг. Бүх материаллаг биет нь зөвхөн тэрхүү ертөнцийн үзэл санааны биелэл, тодорхой илрэлүүд болдог байна. Ийм учраас Гегелийн философид материаллаг болон оюун санааны зүйлийн хоорондын жинхэнэ харилцаа эргүүлэгдэн хөнтрөгдөж, оюун ухаан, үзэл санаа нь бүх материаллаг биетийг бүтээлч хүчин болон тавигддаг байна.

Гегель энэхүү хөнтрүүлэгийн ёсоор бол материаллаг биет ертөнц нь биеэ дааж хэзээ ч оршдоггүй бөгөөд түүнд зөвхөн үзэл санаа хувилан биелэсэн энгийн хэлбэрээр оршин тогтнож байдаг гэж үздэг. Ертөнцийн дүр зургийг Гегель сэтгэхүй ба ахуй, оюун санаа ба байгаль субъект ба обьект хоёрын адилтгалын тухай сургаалаар удирдлага болгон дүрслэн гаргасан. Ийм учраас түүний философийн системд материаллаг бодит байдал логикийн тодорхойлолтуудад уусан, материаллаг үйл явц нь логикийн үйлдүүд шиг дүрслэгдэж байдаг юм.

Маркс бичихдээ: Гегель “цаг хугацааны ёс журмын дагуу тохирсон түүх “ гэж ерөөсөө байдаггүй бөгөөд зөвхөн “оюун ухаанд л үзэл санааны дэс дараалал “ гэж байдаг. Ертөнц гагцхүү бодол санааны хөдөлгөөний үр дүнд л бүтээгдэж байдаг байна гэж тэрээр дүрслэн боджээ гэсэн билээ. XIX зууны герман оронд Германы сонгодог философи үүссэн явдал бол XVIII зууны Францид болсон шиг улс төрийн хувьсгалт эргэлтийн хөгжилтийн эхэн болсон. Гэхдээ Францд болсон үзэл санааны тэр хөгжил бол шашны албан ёсны үзэл санаа, идеализм, түүгээр ч барахгүй зарим талаар төрийн эсрэг дайн зарлаж байсан билээ. Тэгвэл Германд болж байгаа үзэл санааны их өөрчлөлт тухайлбал Гегелийн философииг улс төрийн албан ёсны философи хэмээн үздэг.

Гегель “зохистой бүхэн ухаалаг, ухаалаг бүхэн зохистой” гэсэн сургаал гаргаснаараа үнэн хэрэг дээрээ төр түүний хууль цааз, Пруссийн хаант засгийн хавчилт, хяхалт философийн харигслалыг зөвтгөж байв. Үүн дээрээ тэр зайлшгүй байдал гэдгийг нэмэн төр хичнээн ухаалаг байвал төдий чинээ зайлшгүй байх юм гэж үзжээ. Ертөнцийн үзэл санаа нь байгаль, нийгмийн илэрч болох бүх л бололцоотой үзэгдлүүдийг өөртөө нууцлан агуулж, тэдгээрийн эх үүсвэр, хөдөлгөх хүч болж мөнхөд оршиж байдаг гэж Гегель сургаж байв. Түүний үзлээр бол үзэл санаа өөрийнхөө хөгжлийн явцад хэд хэдэн шатыг дамжиж тодоод агуулгаа улам бүр бүрэн дүүрэн нээн гаргадаг байна. Туйлын үзэл санаа нь эхлээд өөрөө өөртөө хөгжиж байснаа дараа нь амьгүй ба амьд байгалийн хэлбэр, хүний хэлбэрийг тус тус олж улмаар төр, урлаг, шашин философийн хэлбэртэй болон илэрч байдаг байна.

Ингэж ертөнцийн янз бүрийн үзэгдэл цөм Гегелийн зохиомол хөнтрүүлгийн ёсоор бол ганцхан бүтээлч хүч болох үзэл санааны өөрийн нь хөгжлийн бүтээгдэхүүн болдог юм. Ингэж үзэл санаа нь анхдагч материаллаг ертөнц хоёрдогч гэж үздэг Гегелийн сургаал нь ертөнцийг бурхан бүтээсэн гэдэг шашны баталгааг философийн өвөрмөц хэллэгээр илэрхийлэн илтгэж байгаа хэрэг болдог билээ. Философийн үндсэн асуудлыг шийдвэрлэхдээ: Гегель өмнөх үеийнхээ идеалист философичдын нэгэн адил идеалист байран дээрээ байжээ. Харин тэднээс Гегелийн ялгарах ганц ялгаа, шинэ зүйл бол үзэл санааг өөрөө бие даан хөгжиж буй тасралтгүй хөгжлийн явц гэж үзсэн явдал юм. Оршин буй бүхний эх сурвалж анхдагч үндэс болох ертөнцийн үзэл санааны хөгжлийн диалектик нь идеалист диалектикийн ноён оргил, төгсгөл болсон билээ. Гегель шинэ үеийн философичдын дотроос анх удаа тэр үед шинжлэх ухаан ба философичид голлон ноёрхож байсан метафизикийг ул үндэстэй шүүмжлэн няцааж түүний эсрэг идеалист диалектик аргаа боловсруулан сөргүүлэн тавьсан юм.

Ертөнцийн субстанци, үзэл санаа нь дотооддоо гүн гүнзгий зөрчилтэй мөнхийн хөдөлгөөнд оршиж өөрийнхөө хөгжилд янз бүрийн үе шатыг шууд ухагдахуунд шилжих улмаар нийгмийн биет бодис үзэгдлийн хэлбэрийг олж байдаг юм гэж Гегель сургаж байв. Гегелийн үзэж байснаар бол үзэл санаа нь материаллаг ертөнц ба оюун ухааны үзэгдэлүүдэд харшлахгүйгэр үл барам харин тэдгээрт хувилан агуулагдаж, тэдгээрээр дамжин мөн чанараа илэрхийлж байдаг байна. Идеалист диалектикээ бүтээн боловсруулж байхдаа Гегель байгалийн бодисын анхдагч мөн гэж үзэж байсан оюун санааны категоруудынхаа зөрчилт хөгжийг тодорхойлж харсан байна. Гэвч энэ зөрчил бол тэдгээр категориудаар тусгагдаж буй бодит байдал материаллаг ертөнцийн хөгжлийн зөрчил бүрэн гүйцэд авч үзэж чадаагүй бөгөөд чадах ч үгүй байв. Учир нь энэ явдал бол түүний үзэл санааны ангийн мөн чанартай салшгүй байсан юм гэдгийг марксзм-ленинизм үндэслэгчид онцлон зааж байв. Категориуд зөвхөн хэлбэрийн хувьд төдийгүй, мөн агуулагынхаа хувьд ч гэсэн ямар нэгэн материаллаг хүчин зүйл шаардлаггүй юмаа гэж тэрээр үзжээ. Ертөнцийн үзэл санааны хөгжлийн тодорхой үе шат болсон категориуд нь өөртөө агуулагтай байдаг тул тэр нь бодисын мөн чанарыг бүрдүүлж байдаг юм гэж Гегель сургаж байсан. Гэхдээ категориуд нь өөрөө хөдлөх тасралтгүй хөдөлгөөнт байдал оршдог гэж үзснээрээ Гегель өмнөх үеийнхээ бүх метафизик идеалистуудаас ялгаатай байсан билээ.

Чанар ба тоо шалтгаан ба үр дагавар зайлшгүй байдал ба санамсаргүй тохиолдол, мөн чанар ба үзэгдэл бололцоо ба бодит байдал, чөлөөт байдал ба зайлшгүй байдал хос категориуд дотооддоо гүнзгий зөрчилтэй төдийгүй бас харилцан бие биедээ хувиран шилжиж байдгыг батлан харуулжээ. Цэвэр үзэл санааны явц болох категориудын диалектик шинжийг илрүүлэх үндсэн дээр сэтгэхүй ба ахуй хоёр адилхан юм гэж Гегель сэтгэхүйн диалектик нь ертөнцийн бусад аймгуудад нэгэн адил илэрч үйлчилж байдаг гэж сургажээ. Диалектик бол зөвхөн философийн сэтгэлгээнд байдаг төдийгүй харин түгээмэл нийтлэг чанартай байдаг юм гэж тэрээр үзэж байв. Бидний хүрээлэн буй бүх зүйлийг диалектикийн үлгэр дууриалал гэж авч үзэж болох юм гэж Гегель бичжээ. Гегелиэс өмнөх үеийн идеалист философичдын зохиол бүтээлүүдэд идеалист диалектикийн элементүүд бидэнд олон тохиолдож байсан билээ. Гэвч идеалист диалектикийг гагцхүү Гегель л танин мэдэхүйн бүхэл бүтэн арга болгон боловсруулжээ. Өмнөх үеийн бүх философичидтой түүнийг харьцуулан үзэхэд Гегелийн түүхэн гавьяа нь философийн үндсэн бүх категориудыг нэгтгэн дүгнэж, диалектик дүн шинжилгээ хийж идеалист гурван үндсэн хууль болох тоо чанарт шилжих хууль, эсрэг тэсрэгийн харилцан шилжилтийн хууль, үгүйсгэлийн хуулийг томъёолон тодорхойлсонд оршино. Гегель тоо чанарт шилжих ба эргэн шилжих хуулийг сэтгэхүйн хөгжлийн нэг хууль хэмээн томъёолжээ. Сэтгэхүй ахуй хоёр адилхан гэж үздэг сургаалаа үндэс болгож энэхүү хууль нь ертөнцийн хөгжлийн түгээмэл хууль мөн гэж тэрээр тодорхойлжээ. Гегель эн тэргүүнд чанар, тоо, хэмжээс гэдэг категориудад тодорхойлолт өгч тэдгээрийг ертөнцийн үзэл санааны ахуйн анхдугаар шатны гурван хэлбэр юмаа гэж үзжээ. Гегель чанарыг ахуйтайгаа тэнцэхүйц түүний дотоод тодорхой байдал мөн бөгөөд чанар өөрчлөгдөхөд уг зүйл хуучин байдлаараа оршин тогтохоо боливоо доо гэж үзэхээр тийм дотоод тодорхой байдлыг чанар гэж нэрлэдэг гэж цохон тэмдэглэж байв. Гегель чанар хэмээх категорид тодорхойлолт өгөхийн зэрэгцээ бодисын чанар ба шинж байдлын хооронд ялгавартай болохыг дурдаж байв. Бодис зөвхөн өөрийнхөө чанарын ачаар тухайн тодорхой байдлаа хангаж тодорхой бодис байна гэдэг нь мэдэгдэж байдаг. Хэрэв бодис өөрийнхөө чанарын тодорхой байдлыг алдвал, уг бодис тэр чигээрээ байхаа больж өөр бодис болон хувирдаг. Түүнчлэн аливаа бодис чанарын тодорхой байдалтай байхын зэрэгцээ бас тодорхой шинж байдалтай байдаг гэж Гегель үзжээ. Тухайлсан бодис нь олон төрлийн шинж байдалтай байдаг, боловч түүний оршин байх эсэх нь уг бодисын аль нэг шинж байдлын өөрчлөлтөөс шууд шалтгаалахгүй. Бодисын аль нэг шинж байдал өөрчлөгдөхөд, уг бодис үндэсээрээ өөрчлөх нь алба бишээ гэж Гегель үзжээ.

Жишээ нь Цэцэг өөрийн шинж байдлуудын дотроос үнэрээ алдлаа гэхэд уг цэцгийн чанарын тодорхой алдагдахгүй бөгөөд өөрөөр хэлбэл цэцэг цэцэг хэвээрээ л байх болно гэж нотолжээ. Гегель тоо бол ахуйнхаа гадаад тодорхой байдал мөн бөгөөд чанартай нь харьцуулж үзвэл уг бодисынхоо өөрчлөлтөнд шийдвэрлэх нөлөө үзүүлэхгүй гэж тодорхойлж байв. Жишээ нь байшин байна гэхэд түүний том жижиг өндөр нам гурвалжин дөрвөлжин гэдэг тооны тодорхой байдлаас төдий л шалтгаалахгүйгээр байшин гэдэг чанарыг тодорхой хадгалж байдаг. Түүнчлэн адилхан улаан өнгө байна гэхэд бүдэг байсан ч тэр тод байсан ч тэр улаан өнгө гэсэн чанарын байдлаа алдахгүй гэж Гегель үзжээ. Өөрөөр хэлбэл байшин дээр авч үзэхэд байшин гэдэг нь чанарын тодорхой байдал байшингийн том жижиг хэлбэр дүрс өнгө зэргийг тооны тодорхой байдал түүний бүдэг буюу тод болж байх нь тооны шинж гэж Гегель бодис, үндсэн чанар ба тооны талыг зөв тодорхойлжээ. Гегель тэр хоёр нь харилцан бие биедээ шилжиж байгаа эсрэг тэсрэг тал лугаа адил учир чанаргүй тоо, тоогүй чанар гэж хаана ч байдаггүй. Бодис ахуйн энэ хоёр тодорхой байдал нь харилцан нягт холбоотой харилцан бие биедээ шилжиж байдаг бөгөөд нэг нь нөгөөгүйгээр байдаггүй юм гэж Гегель үзжээ. Чанар ба тооны энэхүү шууд нэгдэлтэй байдал  дээрээ үндэслэн “хэмжээ” гэдэг ухагдахууныг тодорхойлон авч үзнэ. Чанар тоо хоёрын тодорхой нэгдэлтэй чанарыг  “тоо хэмжээ” гэж Гегель нэрлэжээ.

Аливаа бодис үзэгдэл өөрийнхөө ахуйн оргилд хүрэх тодорхой хэмжээтэй байдаг. Хэдийгээр Гегель юм бүхний хэмжээний дээд цэг туйлын хэмжээ нь бурхан гэж үзэж байсан боловч тоо чанарын нэгдэл болох хэмжээг бодит ертөнцийн үзэгдэл дээр хэмжиж байсан учраас диалектик дэвшилтэт үзэл санаа үндэслэж байсан юм. Гегель амьгүй ба амьд байгалийн амьдралын олон тооны жишээ мөн нийгмийн амьдрал дээр хэмжээний талаар жишээ гарган үзүүлж тоо чанарт шилжих хууль энэ шилжилтэд хэмжээний гүйцэтгэх үүрэг ертөнц дээр хэмжээгүй бодис гэж нэг ч байхгүй бөгөөд ялангуяа амьгүй байгалийг бодвол амьд байгаль дээрээ бодис үзэгдлийн хэмжээ тод содон ажиглагдаж байдаг гэж Гегель батлан үзүүлж байна.

Гегель тоо чанарт шилжих шилжилт нь тодорхой бодис, үзэгдлүүд дээр маш олон янз байж болно гэж тэмдэглэж байв. Заримдаа тооны хувьсгал нь өнгөцхөн харахад ажиглагдам үгүй шахам байдаг тул чанарын нэг байдал нөгөөдөө шилжих шилжилт бол ухаж ойлгоход хялбар биш байдаг. Үүнтэй уялдуулан тоо чанар шилжих шилжилтийг /аюултай/ нарийн зүйл гэж нэрлэж байсан эртний Грекчүүдийн үзлийг санан дурсаж тэд энэ талаар сонирхолтой санааг өгүүлж байсан юм гэж тэмдэглэжээ. Гегель тооноос чанарт шилжих шилжилтийг тайлбарлахын зэрэгцээ бас чанар тоонд эргэн шилжих шилжилтийг анхаарч үзсэн байна. Чанараас тодорхой тоонд шилжих тооноос эргээд чанарт шилжих энэхүү хоёр шилжилт бол хязгааргүй дэвшил төгсгөлгүй ургашлах явцад хэмжээс нь өөрөө өөрийгөө сэргээн бүтээх явдал юм гэж төлөөслж болно гэж Гегель бичжээ. 

Гегелийн үзлээр дэвшил гэдэг бол тоо чанарт шилжих явдал мөн бөгөөд дэвшлийн явцад тухайлсан чанарын тодорхой байдал үүсгэгдэж оронд нь чанарын шинэ байдал бий болдог. Ингэж шинэ чанар бий болмогц хүнд тохирсон шинэ хэмжээс буюу тоо хоёрын шинэ нэгдэл бий болно. Ингэж шинэ чанар бий болмогц түүнд тохирсон шинэ хэмжээс буюу чанар тоо хоёрын шинэ нэгдэл бий болдог. Энэ явцын үр дүнд цаашид тооны хувьсгал чанарт шилжих ба хаана хэзээ боловч үсрэлтийн аль нэг хэлбэрээр хэрэгждэг гэж Гегель үзэж байв.

Тоо чанарт шилжих хуулийг анх удаа томъёолон тодорхойлж түгээмэл шинжтэй хууль гэж батлан үзүүлсэн явдал бол Ф.Энгельсийн үлгэрлэн хэлснээр дэлхий дахины түүхэн ач холбогдолтой гавъяа болсон билээ. Гэвч Гегель энэ хуулийн жинхэнэ агуулгыг нээн илэрхийлж байгаль, нийгэм, сэтгэхүйн хөгжлийн түгээмэл хууль мөн болохыг зааж чадаагүй юм. Идеалист Гегель тоо чанарт шилжих хуулийг зөвхөн сэтгэхүйн хууль гэж ойлгож авч үзэж байв. "Логикийн ухаан" гэж зохиолынхоо нэг гол хэсэг болох мөн чанарын тухай сургаальдаа Гегель эсрэг тэсрэг талын харилцан шилжилтийн хуулийг сэтгэхүйн хоёрдугаар үндсэн хууль хэмээн томъёолон тодорхойлж цаашид хөгжүүлэн боловсруулсан байна. Үүнийхээ хамтад ахуй сэтгэхгүй хоёр ижил гэж үзэх үндэс дээр энэ бол ертөнцийн түгээмэл хууль мөн гэж Гегель үзжээ.

Үнэнхүү бодитой эсрэг тэсрэг тал нь хэзээ ямагт харилцан шилжих байдалд оршиж байдаг бөгөөд эдгээр нь хоорондоо нягт харилцан холбоотой харилцан хараат байдлаар нөхцөлдсөн байнгын хөдөлгөөнтэй байдаг гэж Гегель үзэж байв. Гегелийн философийн систем, арга хоёрын тухай Гегелийн философийн систем зөрчилддөг боловч арга систем хоёр нь салшгүй холбоотой , дотоод нэгдэл юм. Гегель философийг бодит байдлын тухай төгс үнэмлэхүй мэдлэг гэж үзжээ. Философи баримтыг биш ойлголтыг судлана. Философи нь бусад шинжлэх ухаантай нягт холбоотой тэдгээрийн ололтонд тулгуурлана гэж үзжээ. Гегелийн диалектикийн ашигтай үр дүн юунд орших вэ? Үүнийг дараах байдлаар хураангуйлан илэрхийлж болно. Үүнд: 


- үзэгдлийн харилцан холбоо, хөдөлгөөн, хөгжлийн тухай онол

- хөгжлийн хөдөлгөөний уг сурвалж болсон зөрчлийн тухай сургаал

- Тооны өөрчлөлт чанар болон хувирах тухай

- Онолын сэтгэхүйн логик хэлбэр, ухагдахууны тухай дүгнэлт үзэл санаа юм.

Гегелийн туйлын оюун санаа бол тодорхой биегүй /санааны ертөнц/ боловч хөгжлийн зүй тогтлыг рационаь диалектикаар илэрхийлсэн нь философи дахь түүхэн дэвшилтэд арга мөн болно.

Гегель
Гегель
Георг Вильгельм Фридрих Гегель. Georg Wilhelm Friedrich Hegel
Гегелийн шарил