Гар жимбүүр (2)

 

Гар жимбүүр (hand oboe) нь хүн төрөлхтний нийтлэг үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Гар жимбүүрийг хэл, шуусыг эрт цагт өвс, хусны үйс, малын өлөнгөөр үйлддэг байсан бол орчин цагт цаас, гялгар цаас зэргээр орлуулах болжээ. Гар жимбүүр нь гарын завсар өвс, өлөнгөөр шуус хийж шувууны жиргээ, хулгана зурам, үнэг, хярсний дууг дууриан дууддаг ангийн дуудлагаас үүсэлтэй билээ.

 

Монгол гайхамшиг - 1993 их наадам зохион байгуулагдахад зураач, хөгжимчин, сурган хүмүүжүүлэгч, хөгжмийн зэмсэг судлаач Ж.Төмөрхуяг дэлхийн хамгийн хөнгөн хөгжим буюу ангийн дуудлага (гар жимбүүр)- ээр дуу оруулж, Монголын 60 гайхамшгийн нэг болсон билээ. Уг наадамд Ж.Төмөрхуяг багш Чингис хааны хөргийг чигчий хурууны хумсны толион хэмжээнд хайчилдаг шавь Ж.Төгсбаяр, хоёр гар хөл, амаараа зэрэг зурдаг Л.Өнөрчимэг нараа уг наадамд сойхоор очиход зохион байгуулагчид багш Ж.Төмөрхуягийг өөрийг нь оролцохыг урьсан гэдэг.  

 

 

Ж.Төмөрхуяг багш амьтны дуу авиаг элэглэн дууриадаг байсан уламжлалт ангийн дуудлагыг дуу ая тоглож хөгжмийн зэмсэг болгосноор Гар жимбүүр буй болжээ. Гар жимбүүр голчлон нэг шуус (хэлтэй) байдаг хэдий ч хоёр, гурван давхар ч байж болдог. Харин нэг шуусны хөвчрөлт чанга нарийн дуугарч байхад  нөгөө шуусыг сулавтар хөвчлөн татсанаар өтгөн буюу бүдүүн дуугарах замаар аккорд тоглох боломжтой. Давхар шуустай гар жимбүүрийг тоглоход маш их чадвар шаарддаг.

 

Гар жимбүүрч дун, хясаа хэлбэрээр атгаж хоёр эрхий хуруун завсар шуус (эрт цагт малын өлөн, өдгөө гялгар цаас) хөвчлөн хавчуулж уруулыг эрхий хуруунуудад наан үлээж тоглоно. Гарын атгалтын чанга сул хийгээд, шуусын хөвчрөлтөөс хамаарч янз бүрийн өнгө дуугарах бөгөөд чадварлаг тоглогч 2-2,5 наймц өнгө дуугаргах боломжтой.   

 

Гар жимбүүр (2)
Гар жимбүүр