Г
Ганеман, Христиан Фридрих Самуэль
Ганеман, Христиан Фридрих Самуэль

 

Христиан Фридрих Самуэль Ганеман. Германаар: Christian Friedrich Samuel Hahnemann. (1755 оны 4 сарын 10, Саксоны Мейсен - 1843 оны 6 сарын 2, Францын Парис) гомеопати буюу альтернатив анагаах ухааныг үндэслэгч.

 

Ганеманыхан удам дагасан шаазангийн зураачийн гэр бүл байсан бөгөөд тэд Мейсендаа алдартай байлаа. Ганеман бага залуугаасаа гадаад хэл сонирхож Англи, Франц, Итали, Грек, Латин хэл сурч гадаад хэлний багш, орчуулагчийн ажил хийж байжээ. Тэрээр цаашид Араб, Сири, эртний Арамей, эртний Еврей хэлийг шимтэн сурах болов. Лейпцигийн их сургуульд анагаах ухааны чиглэлээр 2 жил суралцаад Венийн их сургууль руу шилжин Кваринагийн дэргэд 10 сар суралцжээ. 

 

Түүний эмчийн ажил эхэндээ төдийлэн амжилттай байсангүй. Ганеман Эрлангенд шилжин ирж 1779 онд анагаах ухааны докторын цол хүртжээ. Энэ үеэс Ганеман орчин цагийн анагаах ухааны онол, эмчилгээний аргад шүүмжлэлттэй хандах болов. Тэрээр 1790 онд Каллены «Materia medica» бүтээлийг Англи хэлнээ хөрвүүлжээ. Ганеман уг номын эм зүйн тайлбар нь эргэлзээтэй санагдаж, эмийн хүний биед үзүүлж буй нөлөөлөлийг судлах хэд хэдэн туршилт явуулжээ.  Туршилтын үр дүнгээ 1796 онд Гуфеландын анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлжээ. Уг нийтлэл нь Гомеопатын үндэс болсон билээ. 

 

 

Ганеман өөрийн санаагаа Гунтераас зээлэн авч цааш баяжуулжээ. Тэрээр өөрийнхээ эмчилгээний шинэ аргыг нууцаар туршиж удалгүй эмчлүүлэгчдийн анхаарлыг татах болов. Тэрээр 1812 онд дахин Лейпцигт шилжин ирж «рациональ анагаах ухаан» лекцээ унших болжээ. Түүний найруулсан эмийг хаант засаг хориглосон тул 1820 онд Лейпцигээс Кётенд нүүн ирж эмчилгээний ажлаа үргэлжлүүлэн хийжээ. Кётенд тэрээр 1821-1835 онд амьдрахдаа өөрийн эмчилгээний  Organon төвийн дөрөв, таван салбартай болжээ. Удалгүй түүний эмчилгээний арга Герман, Францид түгнэ дэлгэрэв. 1835 онд Ганеман Парист ирж эмчилгээний арга нь амжилт олов. Тэрээр 88 насандаа өөд болсон бөгөөд түүнийг Пер-Лашезын оршуулгын газар оршуулжээ.

Ганеман, Христиан Фридрих Самуэль
Христиан Фридрих Самуэль Ганеман
Christian Friedrich Samuel Hahnemann