Галт уул

Газрын гүнээс хайлмал чулуулаг, лав оргилон гаргаж агаарт хий тоос дэгдээдэг уулыг  галт уул гэнэ. Галт уулыг идэвхитэй болон унтарсан гэж ангилдаг. Дэлхий дээр ойролцооогоор 660 орчим идэвхтэй галт уул байгаагаас 60 орчим нь далайн ёроолд байна. Идэвхитэй галт уулын 4/5 нь Номхон далайн эргийн бүсэд оршдог.

 

Галт уулыг үүсэх байдлаар нь:

  • Ан цавын
  • Тогоот

Дэлбэрэх хугацаагаар нь:

  • Идэвхитэй буюу сэрсэн галт уул
  • Унтарсан галт уул

Найрлага болон тогтоц, хэлбэрээр нь:

  • Лавын буюу Бамбай
  • Бөмбөгөр
  • Давхраат
  • Үнсэн шовхолжин

Ан цавын галт уул нь газрын давхаргын тектоник ангалыг дагаж үүснэ. Ан цаваар түрэн гарч ирэх лав амсраас хоёр тийш тарж урсан, царцаж судал үүсгэнэ.

Тогоот галт уул нь хайлмал лав, чулуулаг, үнс чандруу хийг хэдэн арван метрээс хэдэн км-ийн өндөрт цацдаг.

 

 

Лавын буюу Бамбай галт уулын дэлбэрэлт нь тогтуун. Сувгаар дээш оргилон гарах хайлмал лав чулуулаг нь зугуухан өгсөж тогоо дүүргэн бялхана. Доороос нь лав үргэлжлэн түрэх үед түрүүчийн лав нь тогооноосоо хальж уулын хажуу даган урсана. Гавайн арлын Мауно Лао, Килауэа зэрэг галт уулууд нь лавын галт уулд тооцогддог. . 

Давхраат галт уул: Холимог бялхалттай. Тогтуун болон эрчтэй дэлбэрэлт ээлжлэн явагдана. Энэ галт уулын сувагт хурсан хийнүүдээс дэлбэрэлт үүсэх бөгөөд суваг нь зууралдамтгай лаваар таглагданаар дэлбэрэлт хүчтэй болдог. Ийм галт уулын жишээнд: Везуви,Фужи уулууд ордог.

Бөмбөгөр галт уул: Зууралдамтгай лав зугуухан оргилон гарч тогоог дүүргэн улмаар хальж гарсан нь тэр дороо царцаснаас бөмбөгөрдүү хэлбэр үүсдэг.

Үнсэн шовхолжин галт уул нь лаваас бус үнс нурам, зөөлөн чулуулагаас голчлон бүтэх бөгөөд овор  хэмжээ харьцангуй багатай байдаг. Африкийн зүүн хэсэгт орших Рифтийн хөндийд ийм уул олон тохиолдоно. Галт уулын дэлбэрэлт нь байгалийн гамшигт үзэгдэлд тооцогддог.

Галт уулын дэлбэрэлтээр хайлмал лаваас гадна усны уур (H2O), нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), хүхрийн давхар исэл (SO2), хлорт устөрөгч (HCl), фторт устөрөгч (HF), үнс их хэмжээгээр агаар мандал руу 16-32 км хүртэл өндөрт цацагдана. Эдгээрээс хамгийн муу нөлөөтэй нь хүхрийн давхар исэл бөгөөд, уг исэл агаарт хүхрийн хүчил (H2SO4), улмаар өчүүхэн жижиг ширхэгтэй сульфат тоосонцор болон хувирна. Уг тоосонцор нь нарнаас ирэх дулааны инергийг буцаан ойлгож томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлийн дараа (ойролцоогоор 1-3 жилийн турш) агаарын дундаж хэм багасаж хүйтэрдэг байна. Үүнээс гадна сульфатын тоосонцор нь стратосфери дэх хлор, азотын химийн шинж чанарыг  өөрчлөн, хлорын ислийг (ClO), үүсгэх бөгөөд уг исэл нь озоныг (O3) устгах нөлөө үзүүлдэг байна. Хлорт устөрөгч (HCl), фторт устөрөгч (HF) нь борооны дуслуудад уусан, богинохон  хугацаанд хүчиллэг бороо болон хувирдаг байна. Агаарт цацагдсан үнс чандруу нь хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн хугацаанд аажмаар газрын гадаргууд бууж ирнэ. Галт уулын дэлбэрэлтийн нөлөөгөөр ихээхэн хэмжээний хүлэмжийн хий болон нүүрстөрөгчийн давхар исэл ялгаран гарч агаарт цацагдана.

 

 

 

Галт уул
галт уул
Галт уул