Г
Галсан Тангадын

 

Тангадыг Галсан. Туульч, Өөлд Тангадын Галсан 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадынд мэндэлжээ.

 

Тэрбээр Монголын ноёдын нууцаар чуулдаг байсан Биндэръяа хөх нуурын хөвөөнд хурга, тугал хариулж Чингис хаан Наймантай тулалдаж дийлсэн Заг-Байдрагийн Хүрэн билчэрт хурдан морь унаж, анхны болзоонд давхиж өссөнөөрөө бахархдаг: Заг Байдрагийн сургуулиас Гэгээрлийн гурван сайд Ц.Баттөмөр, Ц.Намсрай, Б.Даваасүрэн төрөн гарчээ. Галсан МУИС-ын хэл уран зохиолын ангийг төгсөөд Баянхонгор аймгийн  төвийн арван жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байв. Энэ үед буюу 1960 оны эхээр үзэл сурталд харш, эсэргүү зохиол бичсэн хэмээн зохиол бүтээл нь хаагдаж “Эсэргүү” нэр зүүн цөлөгдсөн ганц зохиолч. Ингээд тэмээчин, ямаачин, тууварчин, мужааны ажил хийж байгаад 1970 оноос мах комбинатад ясчин, хөргөх цехийн мастер, АПУ-д ачигч, МЗЭ-ийн хорооны дэргэдэх Нацагдоржийн музейд манаач, улмаар “Монгол кино” үйлдвэрт туслах ажилчин, Баримтат киноны ерөнхий редактор, зургийн дарга, эдийн засагч, 1986 оноос АБЯ-ны сонин сэтгүүлийн нэгдсэн цэцэд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллажээ.

Тэрбээр Монгол хэл бичгийн дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургуулийг санаачлан байгуулагчдын нэгэн бөгөөд 1992 оноос дээрхи дээд сургуулиудад багшлан, бүтээлээ туурвисаар явна. Анхны шүлгээ 1947 онд бичиж уран бүтээл нь 1950-д оноос төв, хөдөөгийн сонинд хэвлэгдсээр 1962 онд “Төрсөн хүүгийн тань үг” анхны түүврээ хэвлүүлсэн. Гэвч уг ном гурван жилийн дараа хураагдаж улмаар шатаагдсан байна. Үүний дараа Б.Ренчингийн “Монгол бичгийн хэлний зүй”-н гуравдугаар боть, Ц.Дамдинсүрэнгийн “Орос-Монгол толь”-ийн хавсралтыг БНМАУ-д шатаажээ.

 

Тэмээчин Т.Галсан 

 

Шатаалгадаг түүврээс 10 жилийн дараа хэвлэгдсэн “Өнөр хүний зүрх” ном нь түүнийг Монгол яруу найргийн гэр бүлд дахин багтаав. Энэ бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан хэмээн зарим судлаачид ташаа бичсэн байдаг. Тэрээр 1990 оны ардчилсан хувьсгалд ард олныг оюун санааны талаар бэлдэхэд  онцгой үүрэг гүйцэтгэсэн “Өр”, “Сталины хөшөө” зэрэг “эсэргүү” шүлгүүдээ “Монголын дуу хоолой” сонинд нийтлүүлсэнээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн ажээ.

Бидүгүн (халх) эхийн сүү, Өөлд эцгийн тууль хөхөж өссөн түүнд “Сайн хувьт” гэсэн утгатай Галсан хэмээх нэрийг эцэг, эх нь өгч эдүгээ түүний нэрийг Монгол даяараа төдийгүй, ертөнц дахинаараа мэддэг болжээ.       

Өөлд туульчийн ууган хүү Галсан нь явдаггүй, ярьдаггүй, зүдүү нэгэн байжээ. Сэтгэл чилсэн аав нь Зуугийн Дансран хэмээх эрдэмт зурхайч хүмүүнд очиж хонийг нь сар хариулж өгсөнд - Чи буянтай хүн байна. Мянган хонийг гуч хоног жаргаана аа гэдэг гурван түмэн амьтанд үйлдсэн буян. Тусыг ачаар хариулах ёстой. Би хөвүүний чинь төөргийг зурж өгье. Гэхдээ зурхайн төөрөг, ерөөл таарах эсэхийг урьдаар шинжие хэмээгээд мөнх зулын мөнгөн цөгцөөр бог будаа утгаж чи үүнийг тоол. Би хэд байгааг нь зурж тооцоё. Тэгээд тоо дүглэвэл зурхайн ерөөл таарч буй нь тэр. Харин тоо зөрвөл ерөөл зөрнө шүү хэмээжээ. Тангад гуай гурвантаа тоолсонд нэг л тоо гараад байж. Зурхайч ч үнсэн саашон дээрээ хулсан үзгээр баахан тоо бөмбөрүүлсээр хэдэнтээ няталсаны дараа гарсан хариугаа хүүгийн аавд, туульч Тангад тоо бичсэн цаасаа зурхайчид харуулж тоог нийлэхэд  нэгээр зөржээ. Зурхайн ерөөл таарангүй дээ. Хоёр хоног морио өллөөд гэртээ харидаа гэхэд нь зүдүү хүүдээ сэтгэл чилсэн эцгийн дагз руу үүлгүй тэнгэрээс аянга ниргэх шиг болжээ. Цөхрөнгөө барсан хөөрхий эр хий дэмий арван хуруугаа арвалзуулан харсанд баруун гарын эрхий хурууны баруун жавжинд нэг ширхэг бог будаа хавчуулсан байжээ. Баярласан эр эзэн нь хориглосон хэдий ч хонийг нь хариулсаар яргуй хөөсөн хаврын малыг шар торгон дээр цагаан сувд хэлхсэн мэт тогоон жаргаасаар энэ зуур зурхайч зүүдүү хүүгийн хэтийн заяа төөргийг зурж гүйцжээ. Тэгээд эзгүй хээрийн хоймор гарч эргэн тойронд хэн ч үгүйг магадалсаны дараа -За хө нэрэндээ таарсан сайн хувь заяат хүү ажээ. Луут, луст хоюуланг нь ивгээлд багтах хөвүүн байна. Хожуу их явж хорвоог дугуйлах учир явдалаа нөөжээ. Хожуу их ярих, ном их айлдах учир үгээ нөөжээ. Үүнийг хэнд ч дуулгаж үл болно. Эргэн тойронд хүн байтугай, шаазгай ч байхгүй байгааг чи харж байна уу. Хэрвээ энэ задарваас хүүгийн хөлд, хэлд орох уудаашрах цөвтэй хэмээжээ. Төрийн нууц хүртэл дэрийн өнцөгт задардаг жамаар туульч эр зурхайчын үгийг эхнэртээ шивнэснээс ч юм уу хүү нь тав хүрээд хөлд, долоо хүрч байж хэлд оржээ.

Т.Галсан нэгдүгээр ангийг муу, хоёрдугаар ангийг дунд, гуравдугаар ангийг сайн, дөрөвдүгээр ангийг онц дүнтэй дүүргэхдээ хичээлээ шүлэглэн бичдэг, олон тооны шүлэг цээжээр уншдаг, үлгэр тууль хайлдаг сонин хүүхэд байсан хэмээн багш нар нь дурсдаг. Түүний багш “Догь” Бат хэмээх догь нэгэн байжээ. Зураач, барималч, инжаан тэрбээр шавийнхаа шүлгээр зурагт бяцхан ном гараснаар Т.Галсангийн анхны түүвэр 1948 онд ганц хувь гар бичмэлээр “хэвлэгджээ”. “Ботго” нэртэй тэр номонд:

 

Тавтын мөнгөний данхрыг яана!

Тавгийн еэвэн шиг сүртэйгий нь яана!

Тайрдас шиг өнхрүүлэхэд зугаатайг нь яана!

Талх авч хүрдэггүй хяслантайг нь яана!   хэмээн шүлэглэсэн нь тууль хөхөж өссөний хишиг, авъяас билгийн анхны гараа болсон гэлтэй.

 

Т.Галсан үлгэр, туулийг төдийгүй үзсэн жүжгээ шууд цээжлэн ярьдаг сонин хүү байж. Хүүгийн эцэг Галдан бошигтын орхиул Өөлд, туульч, дархан Тангад гуайг хүүгийнхээ авъяас билиг, эрдмийн гэгээн замч, яруу найрагч болох буяны залуурч багш нь байсныг юуны түрүүн дурдах нь зүй буй заа. Тангад гуайн талаар утга зохиол судлаач Б.Ганбатын бичсэн Найрагч Галсангийн аав, шүлэгч Тангад хэмээх дурсамжаас толилуулбал: Тангад гуай багийн хуралд суужээ. Хурлын дарга: Шүүмжилцгээ! Шүүмлэл хэлээгүй хүнийг явуулахгүй шүү гэхэд Тангад босоод:

 

Хөнөгөөлтэй хөх огтоно олширлоо

Хөнөгөөлтэй хөх огтоно олширохоор

Хөлөг морь хөлгүй болох нь ээ!

Хөгшин би хамаргүй болох нь ээ гэж шүүмлэл хэлээд харих эрхтэй болжээ.

Тангад гуай мал хайж яваад шинэ гэрийн найртай таарчээ. Найрын дугарааны ээлж ирэхийн цагт:

Аяга чинь хагар,

Уурга чинь хугар гэвээс нутгийн залуус “Хаанаас ирсэн хар хараалч вэ?” гэцгээн барьж авахад тэрээр:

Үр хүүхэд өнөр айлын

Аяга нь хагархай байдаг юм

Үрээ даага өтгөн айлын

Уурга нь хугархай байдаг юм гэхэд хүмүүс хараал бус ерөөл болохыг ойлгож найрын ловонгоор залсан гэдэг. (Б.Ганбат “Үнэн” сонин 1999,06,07№49, 4-р нүүр)

1965 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол сурвалжлан цуглуулах шинжилгээний ангийнхан тэмээчин Галсан аавынхаа хайлж байсан “Өвсөн үе алдалгүй тас харвадаг Өөдий мэргэн хаан”, “Аугаа улаан хаан” зэрэг туулиудыг өгсөн нь Монгол туулийн номонд орж Монгол туулийн тархацын талаархи эрдэмтэдийн дүгнэлтийг өөрчилөхөд хүргэжээ. Туулийн уламжлалаа хадгалж үлдсэн энэ нутаг, Т.Галсан хэмээх авъяастан төрөхөд нөлөөлсөн нь лавтай. Тангадын Галсан “Туульч Өөлд” хэмээн овгоо тогтоож, сүүлийн үед Өөлд өвөө гэдэг нэрээр далд утгат, хурц үзүүрт егөө шүлэг цацаж буй нь цагийн аясыг даган хоосон магтаал хэлхдэггүйн гэрч юм. (“Өөлд өвөөгийн юлд егөө” номоос үзнэ үү)

Монгол ардын баатарлаг туульд гол баатраа “Тэнгэртэй тэрсэлдэж, газартай гацалдаж төрсөн хэмээн гардаг. Үүний адил Т.Галсан “Номонд мэргэн, үгэнд цэцэн” зохиолч төдийгүй “Дээдэст зусаргүй, доодост найртай” шударга нэгэн болохыг түүний амьдралын замнал гэрчилнэ. Тангадын Галсан бол “Миний мэдэх өдгөөгийн зохиолч, найрагчдаас Монгол хэл, соёл иргэншлээ хамгийн гарамгай мэдэх яруу найрагч.      

Түүний анхны шүлэг 1949 онд ”Пионерийн үнэн”д нийтлэгдсэнээс хойш уран бүтээлийн олз омгоор дүүрэн, уран бүтээлийн эрэл хайгуулын жилүүд урсан үргэлжилсээр... 1958 оноос эхлэн радиогоор түүний ” Арвай хээр” найраглал сонсогчдын хүсэлтээр ахин дахин нэвтэрдэг байлаа. Энэ талаар М.Гаадамба: Т.Галсан “Арвай хээр” найраглал бичсэнээр эхлэн бичигч, залуу зохиолчын үеийг алгасч шууд яруу найрагчийн зэрэгт хүрэв хэмээн үнэлжээ. Утга зохиол шүүмжлэгч Д.Дашдорж “Арвай хээр дүүлэнхэн, Аръяахүү гийнгоолсоор” хэмээх томоохон шүүмж бичсэн нь ихээхэн шуугиан тарьж “Ренчин, Дамдинсүрэн нарын төрүүлсэн “Эсэргүү”-г магтлаа хэмээн ихэс дээдэст зэмлүүлж уг найраглал радиогоор уншигдахаа больжээ.Т.Галсанг Баянхонгорт байх үед МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир намын эсрэг бүлгийн толгойлогч гэгдэн нутаг заагдан очжээ. Т.Галсан барилгачин болсон гүн ухааны доктор, академичтай уулзаж сэтгэлийн зовлонг нь хуваалцаж дотноссон нь хамсаатан хэмээн хардагдаж улмаар “Төрсөн хүүгийн чинь үг” зохиолоо шатаалгаж, “Талын анхил цэцэг” номыг нь хэвлэхийг хоригложээ. 

 

Монгол кино үйлдвэрт 18 жил ажиллахдаа хэдэн зуун кино мэдээний тайлбар бичиж, 50 гаруй баримтат кино бүтээлцэж, “Эхлэл”, “Дэгдээхэй нас”, “Мөнгөн буйл”, “Уяа” уран сайхны киноны зохиол бичжээ. Мөн цэцэрлэг, бүх шатны сургуульд үзэх 280 диафильм бүтээж, “Монгол кино” үйлдвэрийн 40 жилийн ойд зориулж “Өндөг” хэмээх Монголын анхны зурган кино “мультфилем” бүтээл гаргажээ. Өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзсэн 1986 оноос Боловсролын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид хариуцлагатай нарийн бичгийн даргаар очиж “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлийг “Хүн болох багаасаа” болгон өөрчилжээ. Энд нэрийг нь солиод зогсонгүй нийтлэлийн бодлого, агуулгыг нь эрс өөрчлөв. Мөн шүүмжлэлд их өртөх болсон “Оюунтүлхүүр” сэтгүүлийг өөд нь татаж, үзэг нэгт нөхөдтэйгээ нийлэн “Багш” сонин эрхлэн гаргажээ. Монгол бичгийн талаар олсон амжилтаа бататган, ахиулах, хэл соёлоо хамгаалах талаар Т.Галсан уйгагүй зүтгэл гарган тэмцсэнийг ард түмэн нэгэнт мэдэх билээ.

 

Яруу найрагч Тангадын Галсангийн уран бүтээлийг бичсэн цаг үе, туурвисан бүтээл, туулсан амьдралтай нь холбон үечилбэл:

 

1.    1948-1963 он. Уран бүтээлийн цэцэлэл үе

2.    1963-1975 он. Хэвлэн нийтлэх эрхгүй, хэлмэгдэж, хавчигдаж байсан “Хар үе”

3.    1975-1985 он. Ард түмэнд ахин уран бүтээлээ хүртээл болгосон үе

4.    1985 оноос хойш. Уран бүтээлийн оргил үе буюу төр, түмэндээ үнэлэгдэж, орчлон дэлхийд танил болсон үе

 

 

Эх сурвалж:

Х.Сампилдэндэв. "Туульч Өөлд Тангадын Галсан". Улаанбаатар 2004 он. 

 

Холбоотой мэдээлэл:

1. Монгол хүний зүрхний бичээс

Галсан Тангадын
Тангадын Галсан
а. Т.Галсан Б.Ренчин багшийнхаа хамт б.Яруу найрагч Т.Галсан УГЗ, Ардын уран зохиолч болов. в.Галсан найрагч "Галын бурхан" Найгалмаатайгаа хамт
Чой Лувсанжав, Т.Галсан нар
а. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Доржготов, Т.Галсан нар б. "Жангар" хөлгөн туулийг Жадамбын хөвүүн Төмөрхуяг чимэглэж Туульч Тангадын хөвүүн үзэглэв в.Ж.Төмөрхуяг Т.Галсангийн "Амь, сүнс хоёр хэмээх авсаархан хосмолжин" номын чимэг