Вьетнам

Вьетнам (Вьетнам: Việt Nam Вьетнам), албан ёсоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэнэ. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог. Вьетнам нь 331,698 км2  газар нутагтай, 85 сая гаруй хүн амтай бөгөөд хүн амын тоогоор дэлхийд арван гуравт жагсдаг. Нийслэл хот нь Ханой. Хамгийн том хот нь Хо Ши Мин. Албан ёсны хэл Вьетнам. Хүн амын 86,2 хувийг Вьетнам үндэстэн, 1,9 % Тай, 1,7% Тау, 1,5% Мыон, 1% Кхмер, 5 хувийг бусад үндэстэн эзэлдэг. Вьетнам нь IХ зуунд Хятадын харъяанд байж Х зуунд тусгаар улс болж XIX зууны эхэнд Францын колони болсон байна. Францчуудын эсрэг тэмцлийн үр дүнд 20-р зууны дунд үед колончлолоос ангижирсан хэдий ч улс төрийн шалтгааны улмаас улс нь хоёр хуваагдаж иргэний дайн дэгджээ. 1975 онд коммунистууд дайнд ялалт байгуулжээ. Урт хугацаагаар үргэлжилсэн дайн дууссаны дараа Вьетнам нь улс төрийн хувьд тусгаарлагдсан байна. Засгийн газрынх нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн шийдвэрүүд нь дайны дараах бүтээн байгуулалтыг саатуулж, ялагдсан талд хандах харьцаа нь эвлэрэх биш, дургүйцэлд хүргэж байв. 1986 онд эдийн засаг, улс төрийн шинэчлэл хийж олон улсын интеграцчилалд оролцох замд шилжжээ. 2000 он гэхэд ихэнх орнуудтай дипломат харьцаа тогтоосон байв. Сүүлийн арван жилийн эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байв. Энэхүү хүчин чармайлтынхаа хүрээнд 2007 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 2008 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болжээ.Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс 1977 онд НҮБ-ын гишүүн болов. Олон улсын засгийн газар хоорондын 63 байгууллагын гишүүн, дэлхийн 175 оронтой дипломат харилцаатай, 220 улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаатай.

1995 онд АСЕАН, 1998 онд АПЕК-т гишүүнээр элссэн ажээ. Вьетнам 1989 оноос Камбожоос цэргээ татаж эхэлсэн бөгөөд гадаад бодлогоо илүү нээлттэй болгожээ. Вьетнам Улс ЗХУ болон Зүүн Европын орнуудтай баримталж байсан чиг шугамаа хадгалахын сацуу Өрнөд Европ болон Азийн хөгжиж буй орнуудтай өргөн харилцаатай байх зарчмыг баримтлах болсон. 1994 он гэхэд Вьетнамын худалдааны 5 том түнш нь бүгд Азийн орнууд болсон байв. Үүнд: Япон, Сингапур, Хонг Конг, Өмнөд Солонгос, Хятад орж байна.

Вьетнам улс дэлхийн бүх улстай улс төр, нийгмийн тогтолцооны хэлбэрийг үл харгалзан харилцаа, хамтын ажиллагаагаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоодын хэрэгт үл оролцох, харилцан адил, харилцан ашигтай байх зарчмуудын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх, социалист орнууд болон хөрш орнуудтай эв нэгдэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзсэн, энхтайван, үндэсний тусгаар тогтнол, ардчилал, нийгмийн дэвшлийн төлөөх дэлхийн ард түмнүүдийн нийтлэг үйлс, хүчин чармайлтыг идэвхтэй дэмжиж, оролцох чиглэлээр энхтайван, найрамдалт харилцааг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна гэж БНСВУ улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд тодорхойлсон байна.

Вьетнам болон түүний хөршүүдийн хооронд гардаг газар нутгийн маргаантай асуудал бол Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли, Параселийн арлууд юм. Вьетнам, Хятад, Филиппин, Малайз, Тайвань, Индонез, Бруней улсууд тус арлыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрсдийн газар нутгийн хэсэг хэмээн үздэг.

1970-аад оны дунд үеэс Вьетнамчууд хуучин ЗХУ-ыг хэт дагах болсон, Камбожид цэргээ оруулсныг Хятад Улс таашаагаагүйн улмаас Вьетнам-Хятадын харилцаа муудаж эхэлсэн. 1978 оны 3 дугаар сараас Хятад Вьетнамд олгож байсан эдийн засгийн тусламжаа бүрэн зогсоосон.

1991 онд Вьетнам, Хятадын албан ёсны дипломат харилцаа дахин сэргэсэн. Эдүгээ Хятад нь Вьетнамын гадаад худалдааны гуравдахь түнш болжээ. Хоёр орны удирдагчид, намын дарга нар харилцан айлчлал хийж, XXI зуунд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолсон.

1995 оны 7 дугаар сарын 11-нд Ерөнхийлөгч Б.Клинтон Вьетнамтай дипломат харилцаа тогтоосноо зарласан. Мөн оны 8 дугаар сард тус хоёр орон ЭСЯ-аа харилцан нээсэн. АНУ-ын зүгээс олзлогдогсод, сураггүй бологсодын асуудлаар Вьетнамтай хамтран ажиллаж, энэ ажлын явц амжилтай байсан тул 1994 онд Вьетнамд тавьж байсан худалдааны хоригоо цуцалсан. Өнөөдөр АНУ Вьетнамд оруулж буй хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр эхний 8 орны тоонд орж байна.

2001 оны 9 дүгээр сарын 6-нд Вьетнам-Америкийн Худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон.

2001 онд ОХУ-ын төрийн тэргүүн буюу ерөнхийлөгч В. Путины анх удаагаа Вьетнамд хийсэн айлчилжээ. Вьетнамын улсын нийт төсвийн 27-29%-ийг газрын тос, байгалийн хийн салбар үйлдвэрлэж гаргадаг бөгөөд Вьетнам, ОХУ-ын хамтарсан Вьетсовпетро газрын тосны хамтарсан үйлдвэр 80%-ийг нь үйлдвэрлэдэг байна. 1981онд ашиглалтанд орсон уг үйлдвэр 2005 онд 150 сая тонн газрын тос олзворложээ.

1990 оны эхэн үеэс Вьетнам-Японы харилцаа эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Харилцан ойлголцох явдлыг бэхжүүлснээр бүх талын хамтын ажиллагаанд хүрсэн бөгөөд энэ нь хоёр улсын 30 жилийн харилцааны хамгийн гол үр дүн гэж Вьетнамчууд тодорхойлдог. Вьетнам- Японы харилцаа тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд ялангуяа, сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөн нэмэгдсэн. Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний айлчлалууд тогтмолжсон. Тухайлбал, 1993 оноос хойш Японы дөрвөн Ерөнхий сайд Вьетнамд, Вьетнамын хоёр Ерөнхий нарийн бичгийн дарга, хоёр Ерөнхий сайд Японд айлчилжээ.

Вьетнам
а.БНСВУын туг б. БНСВУ-ын сүлд
Вьетнам Мөнгөн дэвсгэрт "Дон" (VND)