Витрувий

 

Марк Витрувий Поллион (Латинаар: Marcus Vitruvius Pollio) нь Ромын архитектор, инженер, м.э.ө I зуун буюу Цезарья, Августийн эрин үеийн архитектурын онолч. "Когномен" хэмээх (тухайн үеийн алдартнууд бүгд хочтой байжээ) Витрувий нь Ромын чөлөөт иргэн байсан бөгөөд түүний намтар бүрхэг байдаг ч бүтээлүүд нь л түүнийг мөнхөлсөн юм. Тэрээр архитектур буюу уран барилгачын мэргэжил эзэмшиж Ромын иргэний дайны үед Юлий Цезарийн удирдлаган дор байлдааны зэвсэг техник зохион бүтээж байжээ. Хожим нь тэрээр бие даан балластик болон бүслэлтийн зэвсэг техникүүдийг зохион бүтээжээ. Фано дахь Базилик (Грекээр: βασιλική - хааны ордон), Ромын аквадукын  (Латинаар: aqua - ус ducere- хүргэх, дамжуулах) ус дамжуулах гүүрэн байгууламжын бүтээн босголтонд идэвхитэй оролцжээ. Түүнчлэн Витрувий нь эргономикийн (Эртний Грекээр ἔργον (эргон) - ажил, νόμος (номик) - хууль) харьцааны тогтолцоог үндэслэгч бөгөөд хожим энэ нь урлаг, архитектурт "Витрувийгийн хүн"  хэмээн нэрлэгдэх болсон юм.

 

 

Тэрээр өөрийн ажилд дэм тус болдог Август эзэн хаанд талархсны илэрхийлэл болгож "Архитектурын талаарх 10 ном" (Латинаар: De architectura libri decem) хэмээх бүтээлээ өргөн барьсан нь  архитектурын талаар бичигдсэн латин хэл дээрх анхны ном болжээ. 

 

 

Грек, Ромын архитектурын онцлог, хот байгуулалт, инженер техникийн болон гоо сайхны хүртэхүйн зарчим, асуудлуудыг зохиогч номондоо хөндөн бичжээ. Түүний "Архитектурын талаарх 10 ном" бүтээл нь XV - XIX архитекторуудын сурах бичиг, ширээний ном болж байжээ. Тэрээр анхлан архитектурын үүсэл, гоо зүйн ойлголтын үндэс, барилгын овор хэмжээ хүний хэмжээ харьцаатай хэрхэн нийцэх зүй тогтолуудыг дэвшүүлсэн байна. 

 

Витрувий архитектурт тавигдах үндсэн зургаан зарчмыг тодорхойлохдоо:.

  1. Ordinatio: -системтэй, эрэмбэтэй, ордер (багана)  - Архитектурын үндсэн зарчим бөгөөд архитектурын үндсэн хэлбэр, овор (quantitas), үндсэн харьцаа, хэмжээсийн хамаарал (modulus). Энд тэрээр Архитектурын амин сүнс болох "Витрувийгийн триад" буюу Витрувийгийн гурвалаа тодорхойлон хэлсэн байдаг.  Үүнд:  firmitas (бүтээцийн бэх бат байх чанар), utilitas (хэрэгцээ, хэрэглээнд нийцсэн), venustas (таатай, тааламжтай, гоё сайхан).
  2. Dispositio: - (нэн түрүүн байрлал, байршил) - орон зайн шийдэл, үндсэн гурван зураглал бүхий төлөвлөлт  ichnografia (давхруудын дэсгэр зураг), ortografia (барилыгн зураг). skenografia (алслалттай харагдах байдал).
  3. Eurythmia: - Зохиомж болон зохистой харьцааг тодорхойлох.
  4. Symetria: - антроморфизм буюу хүний бие эд эрхтэний зүй тогтлын модулийг уран барилгын хэмжээс харьцаатай уялдуулах.
  5. Decor: - баганын тэгш хэмт чанар болон чимэглэл, гоо сайхан харагдах шийдэлийг илэрхийлэх.
  6. Distributio: -  хэмнэлттэй болон эдийн засгийн үр ашигтай байх.

 

"Витрувийгийн триад" буюу Витрувийгийн гурвалыг Монголчууд эрт үеэс Амирлан ахуй (utilitas) , Үзэмж үзэхүй (venustas), Бат оршихуй (firmitas) хэмээн нэрлэж иржээ. 

 

Витрувий
Марк Витру́вий Поллио
Леонардо да Винчи "Витрувигийн хүн" (1492)