Барга ястан

 

 

Монголын нууц товчоонд тэмдэглэснээр Баргажин аймгийг Баргудай мэргэн захирч байсан бөгөөд түүний охин Баргужин гуагаас төрсөн Чингис хааны дээд удамын Алунгуа эх болно. Барга буюу Баргуд нь XIII зууны үед ойн иргэд, хорь түмэдийн хамт Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж Урианхай мянганы нэгэн болж явжээ.

 

Барга аймаг нь Монгол удмын аймгуудын нэг юм. XIII зуунаас урьд Байгал далайн тэндэх Баргужин төхөм гэдэг газар 11-12 зуунд нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг болно. Эртний сурвалжит монгол аймаг Барга нарын голомт нутаг Байгал нуураас Хянганы нуруу хүртэл үргэлжилж байжээ. Баргачууд нь Чингис хааны аян дайны үед цэргийн ар талын эд барааг хариуцан харуулын цэргийн албыг хааж байжээ. Баргачуудын хэл аялгуу нь буриадтай нэлээд төстэй юм. Овгийн дэг журмыг нарийн баримтлан сахиж, ахмадыг хүндэтгэн, овог дотроо гэр бүл болохыг хориглож, ах дүүсээр хотлох, нагац талаа дээдлэх зэрэг нь ураг барилдах, цагаан сарыг тэмдэглэх, нүүдлийн зан үйлд тод тусгагдан үлджээ.
 

Хөлөнбуйр, Байгал нуур, Алтай уулын хооронд түүхэн урт удаан хугацаанд нүүдэллэж байсан бөгөөд Алтайгаас нааш нүүхдээ одоогийн Завханы нутагт удаан суурьшиж нэг хэсэг нь тэнд үлдсэн бололтой. Одоо Монгол улсын Дорнод, Дундговь, Архангай, Ховд, Баян-Өлгий, Төв, Завхан аймгуудын сумдад барга ястнууд аж төрөн буй. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн зүүн ба баруун хошуудад харъяалагдан Эргүн голоор нутаглан байна.
 

Монголын Юан улсаас хойш Баргуд аймаг нутаг зүүлж, Эргэнэ, Онон гол, Хөлөн нуурын газар суурьшиж, хорчин аймгийн захиргаанд орсон байна. XҮ зууны эхэн хагаст (1437 онд) Ойрадын Тогоон тайш Зүүн монголын хорчины Уругтөмөрийг ялснаар түүний харъяат барга буриад аймаг Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтах болов.
Үүнээс хойш Зүүн монголын Алтан Боди Алаг хаан 1525-1538 онд барга буриад аймгийг дийлж, Ойрадаас салган мэдэлдээ оруулж авчээ.
Тэр цагт Хянган давааны ар нутаг эзгүй зэлүүд газар байсан тул баргачуул тэнд хүрэлцэн очиж суусны дээр тэдний араас халх, өөлдийн нэлээд отог омог очиж нутагласан байна.

 

1730-аад онд эл Баргын хүн амыг Манж чин улсын засгийн газраас хошуу сум зохиож, хуучин шинэ баргын хошууг байгуулжээ.
Найралт төвийн 10 (1732) онд шивчин солоон баргыг баруун, зүүн гар болгоод шивчин, 2, солоон 6 хошуу зохион, мөн ондЦэвдэн хэмээгчийн дагуулж очсон хоёр отог өөлдийг Хайлараас урагш нутаглуулан нэг хошуу болгожээ.

 

1734 онд Халхын Цэцэн хан аймгийн Сан, бэйс, Далай бэйсийн хошууны халх-буриадын 8 сум тасарч захирагч Загдыг даган ирснийг найман хошуу болгон шинэ барга хэмээн нэрийдэж, Хайлараас хойш Хөлөн Буйр нууруудын хороонд нутаглуулжээ. Тэр нь Шулуун шар, Шулуун улаан, Шулуун цагаан, Шулуун хөх, Хөвөөт шар, Хөвөөт улаан, Хөвөөт цагаан, Хөвөөт хөх хошуу аж. Ингээд барга хуучин 9, шинэ 8, бүгд 17 хошуутай болж Баргын төв захиргааг Хайлар амбанд хамааруулжээ. Өөлд орочон хоёроос бусад хошуунд гурван сум зохиож, сум бүрээс 200 хуяг гаргахаар тогтоосон байна. Хошууны тэргүүлэгч нь “үкэри даа” буюу “бүгдийн дарга” гэдэг байна.
 

1905 оноос Баргын захиргааг өөрчлөн, Барга цэргийг буулган Хятад цэргээр орлуулжээ. 1911 онд Ар монголд Манжийн захиргаа устаж тусгаар тогноход 1912 оны 1 сард Баргад бослого гарч Хайлар хотыг чөлөөлсөн байна. Баргын түрүүчүүд хуралдан Баргыг Богд хаант Монгол улсын харъяат гэж зарлан занги Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид нийслэл Хүрээнд иржээ.
 

Жасрангийн Дамдинсүрэн нь угтаа шинэ Баргын шулуун цагаан хошууны нутаг “Цагаан хошуу” хэмээх газар 1871 онд мэндэлсэн хүн бөгөөд 1912 онд баруун хязгаарыг төвшитгөх сайдаар Магсаржавын хамт томилогдон Ховдод ирж, Тус хотыг Манжийн түрэмгий цэргээс чөлөөлөхөд ихэд гавъяа байгуулан “манлай баатар” цолоор шагнуулжээ. 1915 онд манлай баатар Дамдинсүрэн Хмагтад болсон Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээрт оролцсон бөгөөд тус гэрээгээр Баргыг Дундад иргэн улсын зүүн гурван нутгийн бүрэлдэхүүнд үлдээхээр болжээ.


Иймд Дамдинсүрэн нутагтаа очин албатаа дагуулан Монгол улсад нүүн ирэхэд Сэцэн хан аймгийн сан бэйс Сансрайдоржийн хошууны нутгийн таван харуулын газрыг олгож Загал уул, Гурван нуураар нутаглуулсан нь Манлай вангийн хошуу болжээ. Энэ хошуу нь 1923 онд Хан хэнтий уулын аймгийн Амгалан хан уулын хошуу Цог уулын сум гэгдэж байгаад 1927 онд Улз голын хошуунд нэгдээд, 1931 онд дээрх хошуунаас тасран Гурванзагал сум болсон юм. Гурванзагал сум нь 1956 онд дахин байгуулагджээ.


Гурванзагалын Барга нар нь хуучин Хөлөн нуурын баруун хойд, хойгуур Улз зүгт нутаглах Хөвөө цагаан, Шулуун цагаан, Шулуун улаан, Шулуун хөх хошуунаас ирэгсэд болно. Барга нарын нэг хэсэг нь Төв аймгийн (хуучин) Авдарбаян сумын харъяат нар бөгөөд Хөлөн нуурын баруунтайх Хөвөөт хөх, Шулуун шар, Шулуун улаан, Хөвөөт улаан хошуунаас 1910 хэдэн оны үед, Базаргадь цорж лам, Очирваань гүн, Жамбал гүн, Тулай гүн нарын удирдлагаар Монголд ирж, Богдын шавь болж Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу нутгаас Авдарбаян Чулуут гэдэг газрыг авч нутаглан, Богдын их шавийн Эрдэнэ хувилгааны Барга отог болжээ.


Тусог отог нь 1925 оноос Дэлгэр их уулын аймгийн Зогсоол жаргалант уулын хошуунд харъяалагдаж байгаад 1931 онд Төв аймгийн Авдарбаян сум гэгдэх болжээ. Энэ сум 1956 онд татан буугдаж Сэргэлэн, Баян, Баянцагаан суманд нийлсэн учир Авдарбаяны барга нар дээрх сумдад тархан сууж байна. Түүнээс гадна Их шавийн Үнээ уул, Шажин хурах, Хэрлэн баян хан уулын отогт барга отгоос оролцон шинэ засаг захиргаанд багтсаныг тэмдэглэлтэй. Дорнодод сүүлд (1946 оны намар) ирж нутагласан барга нар нь тус аймгийн Хөлөнбуйр суманд сууж байна. Энэ барга нь шинэ баргын Хөвөөт цагаан хошуунаас нүүдэллэн ирж, Хөлөнбуйр сумын үндсэн хүн ам нутагладаг Хөвөөт цагаан Шулуун цагаан, Хөвөөт шар хошууны хүмүүс юм. Энэ Баргыг Шарийбуу гэдэг хүн удирдан иржээ. Ер барга нар нь буриад, Халх, өвөрлөгчдийн холимог овгоос бүрэлддэгийн нэгэн адил хэл аялгуу, зан суртал соёл нь мөн холимог шинжтэй юм.
 

Баргын дотор дараах овог (хал) багтдаг. Үүнд:

1. Авгашуул, 2. Өзөөн, 3. Гушид, 4. Хангин, 5. Сээжин, 6. Жоргоон, 7. Дайртан, 8. Харгана, 9. Еншөөв, 10. Цагаан ураг, 11. Улиад, 12. Хагшууд, 13. Бодонгууд, 14. Шарайд, 15. Номчин,(нумчин) 16. Хуасай, 17. Хүвгүүд (хувдүүд), 18. Алгуй, 19. Галзууд, 20. Хонтой, 21. Худай, 22. Күйслэг, 23. Халвин, 24. Авхан, 25. Гүжиан, 26. Сээрчин зэрэг болно Баргын овгуудаас зонхилох нь Хори Буриадын эцэг (овог) болох бөгөөд бусад нь Хамниган, өвөр Монголын овгууд байна.

Барга ястны хэл аялгуу нь бүхэлдээ дорнод Монголын барга буриадын аман аялгуунд багтах бөгөөд хуучин барга нь Солоон (манж хамниган), Шивчин (буриад), Өөлд (ойрад) аялгуутанд багтах бөгөөд шинэ Барга нь барга-буриадын аман аялгуу буюу Хөвөөт цагаан хошууны аялгуу, Барга-Халхын аялгуу, Шулуун хөх, Хөвөөт хөх хошууны аялгуу гэсэн ялгавартай байх ажээ.

 

17-18-р зууны үед Оросын эзэнт гүрэн газар нутагаа тэлэхэд түрэгдэн Баргажин төхөм нутгаа орхин, Халхын Сэцэн хан аймгийн бэйс Жанчивдорж, бэйл Ванчин, ван Доржжан, засаг Шагдаржавын зэрэг хэдэн хошуунд харъяалагдаж байгаад ноёдын дарлалаас зайлан 1734 онд Манжийн Найралт төв хаанд өргөн мэдүүлснээр Хөлөнбуйрт нүүдэллэн ирж Шинэ Барга хэмээн нэрлэгдэх болсон ажээ.

 

1911 оны 12-р сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс тунхагласнаас 15 хоногийн дараа Хөлөнбуйрт үндэсний эрх чөлөөний тэмцэл гарч, Хайлар хотыг Хятад түшмэлээс чөлөөлж, Баргын ноёд хуралдан, Богд хаант Монгол улсад нэгдэхээр шийдвэрлэж, тэмцлийг манлайлагчдын нэг суман занги Ж. Дамдинсүрэн (Манлайбаатар Дамдинсүрэн) зургаан нөхрийн хамт Их Хүрээнд ирж нэгдэх бичгийг барьсан байдаг. 1912 оны Ховдын байлдаан, 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын байлдаанд Баргуудын дундаас нэг цэргийн жанжин, 10 гаруй баатар төрсөн байна. 1928 онд БНМАУ-гаар дэмжигдэж өдөөгдсөн, Дагуур хүн Мэрсээгээр удирдуулсан Баргын зэвсэгт бослого Гоминданы засгийн бодлогыг эсэргүүцэн Хөлөнбуйрт дэгдэж, удалгүй хүчинд автагдан дарагдаж байсан.

 

Баргууд Хөлөнбуйраас БНМАУ-д 1912, 1916-1917, 1928, 1946 онуудад тус тус нүүдэллэн ирж, Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Баян, Сэргэлэн сумд, Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудад аж төрөн амьдарч байна. 1949 онд БНХАУ байгуулагдаж, засаг захиргааны хуваарь шинэчлэгдэхэд хуучин, шинэ Барга нийлж нэгэн хошууг бүрдүүлэх болжээ. Хуучин Баргыг Эвэнх, Орчоон, Дагуур ястнуудын хамт Солоон хошуунд харъяалуулсан байна.

 

2009 оны 1 сарын 9-ны мэдээгээр Дорнод аймгийн Гурванзагал суманд 400 өрх, 1351 хүн ам, Хөлөнбуйр суманд 464 өрхийн 1758 хүн ам Барга ястанд тоологджээ. Одоогоор Баргууд нь Монгол улсын 13 аймаг, 47 суманд 15 барга овог, БНХАУ-ын 7 муж, ӨМӨЗО-ны 19 хошуу, 15 гацаа, шиян, хотуудад 25 Барга овог болон Туркмен улсад Байергу барга, Казакстан улс буюу Кашгарт Байеркогийн Барга овгууд байна.

Барга ястан
кириллээр барга
Дорнод аймаг дахь Барга ястан