Бар

 

Бар. Латинаар: Panthera tigris (Карл Линней, 1758) нь Мийнхэн овгийн зүйл; бөгөөд Panthera төрлийн дөрвөн "том муурнууд" дундаа хамгийн том биетэй нь. Зүүн болон өмнөд Азийн ихээхэн хэсэгт тархсан, дээд хэсгийн махчин бөгөөд жинхэнэ махан идэштэн юм. Биеийн нийт урт нь 4 метр хүрдэг, жин нь 300 килограм татдаг том биетэй дэд зүйл нь мийнхэн овгийн хамгийн том биетэй сөнөсөн зүйлүүдтэй дүйцэхүйц хэмжээтэй юм. Улаавтар, улбар шар үсэн дээгүүр нь гарсан босоо хар судлуудтай, хэвлий хэсэг нь арай цайвар зүстэй. Хамгийн том биетэй дэд зүйл нь Сибирийн буюу Уссурын бар.

 

Ижил нэршил: Felis tigris (Карл Линней, 1758), Tigris striatus (Николай Северцов, 1858), Tigris regalis (Жон Эдвард Грэй, 1867)

 

Дасан зохицох чадвар ихтэй тул Сибирийн тайгаас авахуулаад, өргөн тал, тропикийн намаг балчигт хүртэл тархан амьдардаг. Сүргийнхээ хэрэгцээг хангахуйц томоохон нутаг дэвсгэрийг эзлэн амьдардаг. Үүний зэрэгцээ дэлхийд хамгийн их хүн амын нягтшилтай нутагт тархсан байдаг тул хүнтэй ихэд зөрчилдөн тэмцэлддэг. Орчин үеийн барын есөн дэд зүйлээс гурав нь сөнөсөн бөгөөд үлдсэн зургаа нь ховордсон буюу нэн ховордсон амьтанд тооцогддог. Гол шууд шалтгаанууд нь амьдрах орчныг устгах, хэсэгчлэн таслах, агнах зэрэгтэй холбоотой. Бар дээр үед Месопотам, Кавказаас авахуулаад Өмнөд болон Зүүн Ази хүртэл тархаж байсан бөгөөд тоо толгой нь эрс хорогдсон ажээ.

 

Үлдсэн бүх дэд зүйлийн барыг албан ёсоор хамгаалалтад авсан боловч хулгайн ан, амьдрах орчныг устгах зэрэг аюул байсаар байна. Мөн зарим улсын амьтны хүрээлэнд арслантай эрлийзжүүлэн liger буюу барслан хэмээх амьтанг гаргаж авсан бөгөөд биеийн хэмжээгээр эцэг эхээсээ хавьгүй том, бие гүйцсэн нь шар үхрийн чинээ болдог ажээ.

 

Бар дэлхийн хамгийн алдартай, амархан танигддаг амьтны зүйлийн нэг юм. Эртний домог, ардын аман зохиолд их туссанаас гадна орчин үеийн кино, уран зохиолд ч дүрслэгдсээр байгаа юм. Бар олон улсын төрийн далбаа, сүлдэд орж, спортын багуудын сахиус амьтан болж, Азийн хэд хэдэн улсын үндэсний бэлэг тэмдэг болсон.

 

Дэд зүйлүүд:

 

Бар
Бар
Бар