Б
Бадраа Жамцын (2)

 

Жамцын Бадраа нь 1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт Жамцын ууган хүү болон мэндэлжээ. 16 нас хүртэл аав ээжийн гар дээр байгаад Мөрөнгийн дунд сургуульд элсэн орж 1944 онд төгсч Улаанбаатар хотын багшийн сургуульд шилжин хоёр жил сураад 1946 онд Улсын Их Сургуулийн багш нарын факультетийн хэл бичиг, утга зохиолын ангид суралцаж 1950 онд төгсчээ. 

 

1950 оноос Хөвсгөл аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд хэл бичиг, утга зохиолын багшаар томилогдон ажиллаж уг ондоо Хөвсгөл аймгийн Бүрэн сумын 3-р багийн ард Хандбалын ууган охин Бадарчтай гэр бүл болжээ. 

 

1951 онд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1952 оны 12 сард нийслэлд дуудагдан ирж Улсын Радио хорооны уран сайхны хэлтэсийн даргаар ажиллажээ. 1954 онд уг хэлтэсийг хөгжим, уран сайхны нэвтрүүлгийн редакци болгон өөрчилхөд редакцийн эрхлэгч болж, 1955 оны 12 сард БНАГУ-ын Лейпциг хотноо хуралдсан олон улсын радиогийн хуралд төлөөлөгчөөр оролцжээ.  

 

1956 оны 12 сараас 1957 оны 8 сар хүртэл ЗХУ-д дуу найруулагчийн тур сургуульд дадлага хийж ирээд Радиогийн дуу найруулагч болжээ. 1958 оны 3 сард Энэтхэгийн Дели хотноо Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд Хинди, Самгард хэл суралцахаар очсон хэдий ч МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр буцан ирж дуу найруулагчийн ажлаа хийжээ. 1959 оны 5-р сараас Ховд аймгийн 10 жилд багшилж байгаад 10 сард өвчний учир эмчлүүлж байгаад 1960 оны 4 сараас Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр багшлах ажлаас чөлөөлөгджээ.

 

Монгол ардын дуу, хөгжмийн түүх, уламжлал, угсаатны зүйн чиглэлээр 60 гаруй шүүмж, өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Үндэстний дуу бүжгийн "Түмэн эх", "Эртний сайхан" чуулга, МУИС-ын ардын урлаг судлалын тэнхимийг байгуулжээ.

 

 

1960 оны 6 сараас УБТЗ-ын удирдах газар орчуулагчаар, 8-р сараас "Зөвлөлт холбоот улс" сэтгүүлийн Монгол хэвлэлийн орчуулагч, эрхлэгчээр ажиллаж байгаад 1964 оны 5 сарын 1-ээс Улсын кино үйлдвэрийн орчуулгын киноны редактораар ажиллахын зэрэгцээ Улсын дуурь бүжгийн театрын дэргэдэх дуурын дуучдыг бэлтгэх студид Монгол хэл, утга зохиол, хөгжмийн түүхийн хичээл зааж байжээ.

 

1960 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, 1964 онд Монголын зохиолчдын холбооны гишүүн болжээ. 1951 онд Хөвсгөл аймгийн Зүрх сумын 226 дугаар тойргоос Улсын их хурлын депутатаар, 1956 онд Улаанбаатар хотын Чойбалсангийн  хорооны депутатаар тус тус сонгогдож байжээ.

 

Ж.Бадраагийн гэр бүл Б.Бадар-Ууган, Б.Бадарсан, Б.Баатарнаран гэсэн гурван хөвүүнтэй байв. 

 

Ж.Бадраагийн 300 орчим дуу байдгаас "Халуун элгэн нутаг", "Багш та", "Жаргаах зүрхэн", "Гайхмаараа", "Найрсаг байгаасай" зэрэг олон дуу нь ард түмний дуулах дуртай дуу болон мөнхөрчээ. Тэрбээр Орос хэлнээс "Евгений Онегин", "Лусын дагина", Италиас "Тоска", Энэтхэгийн нэрт зохиолч Р.Таагүүрийн "Өргөлийн дуулал" шүлгийн түүвэр, "Цусан тахилга" жүжгийг Хинди хэлнээс орчуулж, "Уртын дуу" хэмээх судалгааны өгүүлэл (1960 он), Угсаатны зүйн сэдвээр бичсэн "Цацал" хэмээх баримтат кино олон улсын "Солонго" кино наадамд түрүүлж байжээ. Мөн Монгол ардын дуу "Сүнжидмаа"-г найруулан дуу бүжгийн цомнол бичсэн нь өдгөө ч тоглогдсоор байгаа билээ.  

 

"Хөгжмийн нэр томъёо"(1956 он), "Хөвсгөл ээжийн хөг эгшиг", "Чандмань эрдэнэ" (1989 он) ном бичиж,  "Монгол ардын хөгжим" хэмээх нэгэн сэдэвт таван бүлэг бүхий бүтээлийнхээ гурван бүлгийг дуусгаад 1992 онд насан өөд болжээ. Ж.Бадраа агсаны судалгааны бүтээлийг Н.Жанцанноров, Б.Баатарнаран эмтгэж 1998 онд "Монгол ардын хөгжим", 2005 онд "Их дуучны яриа" номуудыг нь хэвлэн гаргасан бол 2005 онд Т.Дашцэдэн, Ж.Бадраа агсаны хань Х.Бадарч, хүү Б.Баатарнаран нар 2005 онд судалгааны бүтээлүүдийг нь эмтгэсэн "Ардын билиг ухааны оньс" номыг хэвлүүлжээ.   

 

 

 

Бадраа Жамцын (2)
Жамцын Бадраа
Хөгжим судлаач Ж.Бадраа
Ж.Бадраа. Монгол ардын хөгжим. 1998 он