А
Адууны насыг шүдээр тодорхойлох
Адууны насыг шүдээр тодорхойлох

 

Малчид адууг шүдлэж насыг тодорхойлох талаар арвин туршлага хуримтлуулжээ. Адууны насыг тодорхойлоход нялахын шүдний ургалт, түүний цөгцний элэгдэлт, нялахын шүд ясан шүдээр солигдолт, ясан шүдний элэгдэлт, шүдний дээд гадаргуугийн хэлбэр зэргийг харгалзана. 
Нас гүйцсэн адуу дээд эрүүндээ үүдэн шүд 6, соёо 2. араа 6 + 6, доод эрүүндээ үүдэн шүд 6, соёо 2, араа 6 + 6, нийт 40 шүдтэй. Шүдний зохион байгуулалтыг томъёолбол:

  • Дээд эрүүнд Үш 6 + Со 2 + Ар 6 + 6 
  • Доод эрүүнд Үш 6 + Со 2 + Ар 6 + 6

                         Үш - үүдэн шүд 
                         Со – соёо 
                         Ар - араа

Унага эхээс гарахдаа ихэнхдээ шүдгүй байна. Унаганы голын 2 үүдэн шүд эхний долоо хоногт, дараах хос үүдэн шүд 15 - 45 хоногт, дунд ба захын үүдэн шүднүүд 5-9 сартайд ургана. Мөн энэ хугацаанд нялхын солигдох 3 хос араа ургана. Унага 9 сартайдаа бүх нялахын үүдэн шүд ургаж гүйцсэн үүдэн шүд 12, соёо- 4, араа-12, бүгд 28 шүдтэй болсон байна. Өсвөр адуу 2 настай болтлоо нялхын шүдтэйгээ байна. 
 

Хоёр настай адууны эрийг шүдлэн үрээ, охиныг шүдлэн байдас гэнэ. 2,5 настайд доод ба дээд, голын нялахын шүд байнгын шүдээр солигдож 3 настайдаа ургаж гүйцнэ. 
 

Гурван настай адууны эрийг хязаалан үрээ, охиныг хязаалан байдас гэнэ. 3,5 настайд нялахын хажуугийн үүдэн шүднүүд ясан шүдээр солигдож 4 настайд ургаж гүйцэнэ. 
 

Дөрвөн настай адууны эрийг соёолон үрээ, охиныг соёолон байдас гэнэ. 4,5 настайд нялахын захын үүдэн шүднүүд ясан шүдээр солигдож 5 настайд ургаж гүйцэнэ. 
 

Таван насанд адууны бүх үүдэн шүдний цөгц элэгдээгүй байх үеийг бүрэн шүдтэй эрийг нь морь, эмийг нь гүү гэж нэрлэнэ. 
 

Зургаан насанд доод эрүүний голын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дор дөрвөн зах шүдтэй морь, гүү гэнэ. 
 

Долоон насанд доод эрүүний хажуугийн 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дор зах шүдтэй морь, гүү гэнэ. 
 

Найман насанд доод эрүүний захын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр бүрэн шүдтэй морь, гүү гэнэ. 
 

Есөн насанд дээд эрүүний голын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр дөрвөн зах шүдтэй морь, гүү гэнэ. 
 

Арван насанд дээд эрүүний хажуугийн 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр зах шүдтэй морь, гүү гэнэ. 
 

Арван нэгэн насанд дээд эрүүний захын 2 үүдэн шүдний цөгц элэгдэж тэгширнэ. Ийм шүдтэй адууг дээр ясан шүдтэй морь, гүү гэнэ. 
 

Цаашид адууны шүдний дээд гадаргуугийн хэлбэр, хэмжээ өөрчлөгдөнө.10-12 настайд шүдний дээд гадаргуугийн хэлбэр хөндлөн зууван, 13-15 насанд бөөрөнхий, 16-20 насанд гурвалжин, 20 ба дээш насанд босоо зууван хэлбэртэй болно. Яс сайтай адуу ясан шүдтэйгээ олон жил амьдрах ба 30 нас хүрсэн тохиолдол байдаг.

Адууны насыг шүдээр тодорхойлох
а.Нэг настай б. 5 настай в. 10 настай г. 14 настай д. 18 настай е. 25 настай адууны шүд