Адууг зүслэх

 

Адууны зүсийг ерөнхийд нь бараан ба цайвар гэж хоёр ангилдаг. Адууг их биеийн үс, арьс, хөхөл, дэл, сүүл, сагаг шилбэний өнгийг харгалзан зүслэнэ. Үүнд:

Хар зүс: их биеийн үс болон дэл, сүүл, сагаг, хөл нь хар өнгөтэй байна. Харин их биеийн үсний өнгө гандсан, зэвхий хар, дэл, сүүл, хөл хар бол саарал гэнэ. Их биеийн үсний өнгө хар, нүд, хоншоор гэдэс, нимгэн цавь цайвар шаравтар өнгөтэй бол хар халтар гэнэ.

Зээрд зүс: их биеийн үс хундан улаавтар, хөхөл, дэл сүүл, шилбэний өнгө биеийн өнгөтэй адил буюу арай цайвар байна. Зээрд зүсийг үсний туяархаг байдлаар нь хүрэн, улаан, ухаа, цавьдар зээрд гэж нэрлэнэ.

Хээр зүс: их биеийн үсний өнгө элгэн хүрэн, дэл, сүүл, сагаг, шилбэ хар байна. Биеийн үсний туяархаг байдлаар нь хээр зүсийг дотор нь шар, бор, хар, хүрэн,улаан хээр гэж хуваана. Харин нүд хоншоор, нимгэн цавиар шаравтар буюу цэгээн байвал хээр халтар гэнэ.

Хүрэн зүс: их биеийн үсний өнгө ерөнхийдөө бараан элгэн хүрэн, хөхөл, дэл сүүл их биений ойролцоо буюу хүрэн үс, хар үстэй холилдон ургасан байна.

Цавьдар зүс: их биеийн үсний өнгө хүрэн, зээрд, харин хөхөл, дэл, сүүл, сагагны үстэй цагаан буюу бага зэргийн бараан, цайвар үс холилдон ургасан байна. Хоншоор, нүд, цавьны арьс ихэнхдээ ягаан өнгөтэй байдаг. Үсний туяархаг байдлыг харгалзан цавьдар хүрэн буюу зээрд цавьдар гэж ялгана.

Бор зүс: их биеийн цагаан өнгийн үс, бага зэргийн бараан үстэй холилдон ургасан байна. Бор зүсний адууны арьс бараан байна. Бор адуу эхээс төрөхдөө бараан зүстэй байгаад дараа нь цайна. Их биеийн бараан үсний байдлаар нь улаан бор, хөх бор, хар бор гэж нэрлэнэ.

Хонгор зүс: их биеийн үсний өнгө хонгортсон бүдэг зээрд зүстэй ойролцоо ба дэл, сүүл, сагаг нь үндсэн өнгөнөөс арай тод байна. Ихэнхдээ зоо нуруугаа дагасан тод голтой буюу далаараа бэдэртэй, хөлөөрөө бараавтар судалтай байдаг. Харин зоо нурууны ба дал, хөлд бараавтар судалгүй байж болно. Үсний өнгөний туяархаг байдлаар нь хул, хонгор, ухаа хонгор гэж ялгана.

Хул зүс: биеийн үсний өнгө шаргал буюу улаан шаравтар дэл, сүүл шилбэ хар, зоо нуруугаараа хар голтой, далаараа хар бэдэртэй, хөлний дээд үеэр хар судалтай байна.

Халиун зүс: их биеийн үс бүдэг зээрд хүрэн өнгөтэй, түүнд харавтар үс холилдон ургасан байх ба хэвэл цавиар үндсэн өнгөнөөс арай цайвар, дэл, сүүл, шилбэ хар, зоо нуруугаараа хар голтой, далан дээрээ төлөв бэдэртэй байна.

Шарга зүс: их биеийн үсний өнгө нь алтан шар буюу цайвар, дэл, сүүл ,их биеийн өнгөтэй адил буюу цайвар байна. Шарга зүсийг үсний туяархаг байдлаар шарга, цагаан шарга, хул шарга гэж ялгаж нэрлэнэ.

Саарал зүс: их биеийн үсний өнгө нь үнсэн саарал, дэл, сүүл, сагаг, шилбэ нь хар, зоо нуруугаараа хар голтой , цавь хэвэл нь их биеийн өнгөнөөс арай цайвар байна.

Цоохор зүс: их биеийн үндсэн өнгө нь цайвар, түүн дээр жижиг бараан толбуудтай байна. Толбоны байдлаар нь хүрэн, цоохор, хар цоохор гэх мэтээр ялгаж нэрлэнэ. 

Буурал зүс: Их биеийн бараан үсэнд цагаан үс холилдон ургасан байна. Толгой дэл сүүл, шилбэ бараан байна. Буурал зүсийг нэрлэхдээ үндсэн зүсийг харгалзана.

Адууг зүслэх
Сандуйжавын "Дүү зээрд" азарга