Ё
Ёс зүйн философи
Ёс зүйн философи

 

Ёс зүйн философи. Ёс зүйн философи нь философийн нэг төрөл юм. XVIII зууны Пруссын философич Иммануил Кант шинжлэх ухааныг өөрийнхөө Протестант хүмүүжлийн зан суртахууны хатуу шаардлагын зарчимтай зохицуулж,зан суртахууны үндсэн зарчмуудыг учир зүйн хувьд үндэслэхийг оролдсон. Философичид ёс зүйн тухай ярихдаа үнэн хэрэгтээ бие биенээсээ огт ондоо гурван асуудлыг гаргаж тавьдаг. Энэ нь:

  • Би өөрийнхөө зан суртахууны зарчмыг үнэн зөв гэдэгт хэрхэн итгэж үнэмших ёстой вэ?
  • Зан суртахууны үүднээс үзэхэд их хүнд хэцүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ?
  • Хэрхэн сайн сайхан амьдарч болох вэ?

 

Кант ямар ч нөхцөлд бүх хүний хувьд туйлын бүрэн зөв зарчим болох Категорик императив гэж нэрлэгдсэн зан суртахууны зарчмыг гаргаж хэрэглэсэн. Харин ийм түгээмэл үйлчилдэг зарчим байна гэдгийг ёс зүйн релятивизм болон ёс зүйн скепицизм хоёр үгүйсгэдэг. Хүнд хэцүү тохиолдлыг шийдвэрлэхийн тулд утилитаризмын төлөөлөгчид болох Иеремия Бентам, Жон Стюарт Милль нар хамгийн их олон хүмүүст хамгийн Их Аз Жаргал өгөх зарчмыг гаргаж ирсэн. Утилитаризм бол зан суртахууны болон орчин үеийн философийн хамгийн их маргаантай онолын нэг мөн. Платоноос эхлээд Карл Маркс хүртэлх олон философичид сайн сайхан амьдралын үзэл баримтлалын үндэс болгож хувь хүний эрүүл хөгжлийн онолыг боловсруулж байсан. Эдгээр философичдын гол үзэл санаа бол жинхэнэ сайн сайхан амьдралд хүрэх зам нь хүний дотоодод сайн зохион байгуулагдсан, эрүүл саруул сэтгэцийг бүрдүүлэх явдал байв. Энэ үзэл санаануудыг өнөөдөр ч гэсэн философич, сэтгэл зүйчид судалсаар байна.

Ёс зүйн философи
Иммануил Кант (1724 -1804)